Монгол туургатны үндэсний бөхийн V их наадам өнөөдөр “Аса” циркт амжилттай зохион байгуулагдлаа. Улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, улсын харцага А.Бямбажав тэргүүтэн зодоглосон энэхүү барилдаанд 85 кг-аас дээших жинд 64 хүчтэн хурд, хүч, авхаалж, самбаагаа сорьсноос Архангай аймгийн Хашаат сумын харъяат Монгол Улсын заан Ч.Санжаадамба түрүүллээ. Ингэснээр тэрбээр тус барилдаанд дөрөв дэх түрүүгээ хүртэж байгаа юм. Үзүүрт Булган аймгийн Могод сумын харъяат улсын өсөх идэр начин Э.Энхбат шалгарсан юм. Харин их шөвөгт Завхан аймгийн Их-Уул сумын харъяат улсын өсөх идэр начин Б.Гончигдамба, Архангай аймгийн Булган сумын уугуул улсын начин Р.Пүрэвдагва нар туналаа. Харин -85 кг-д өрсөлдсөн 64 хүчтэнээс Булган аймгийн Тэшиг сумын харъяат аймгийн арслан Б.Амарсайхан түрүүлж, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харъяат О.Түмэндэмбэрэл үзүүрлэлээ. Их шөвөгт Увс аймгийн Тэс сумын харъяат аймгийн арслан Т.Баасанхүү, сумын заан О.Үйтүмэн нар шалгарсан юм. О.Үйтүмэнг уншигч та энэхүү барилдааны тус жинд үзүүрлэсэн О.Түмэндэмбэрэлийн төрсөн дүү гэдгийг мэдэх биз ээ.
Уг барилдаанд зодоглосон бөхчүүдийг аймгуудын үндэсний бөхийн дэвжээд өөрсдөө сонгосон бөгөөд улсын өндөр цолтой бөх олонтой зарим аймаг дотроо сонгон шалгаруулах барилдаан хийж, шалгаруулсан билээ. Барилдааны үеэр Японы мэргэжлийн сумогийн 68 дахь их аварга Д.Дагвадорж Тува, Өвөр Монгол, ОХУ-ын Бүгд Найрамдах Алтай улс, Буриадаас оролцсон багийн төлөөллүүдэд гарын бэлгээ гардуулсан юм.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )