Тайванийн Тайпей хотод сагсан бөмбөгийн оюутны Азийн аварга шалгаруулах тэмцээн аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 4-нд боллоо. Дөрөв дэх удаагаа болсон уг тэмцээнд Монгол, Филиппин, БНХАУ, БНСУ, Тайвань, Хонгконг гэсэн зургаан орны баг тойргийн журмаар тоглосон. Сагсан бөмбөгийн ОУХМ Ш.Сэдбазар, спортын мастер Д.Пүрэвдорж дасгалжуулагчтай Монгол Улсын оюутны шигшээ багийн тамирчид эх орноо төлөөлөн оролцож, хүрэл медалиар энгэрээ цооллоо. Манай сагсан бөмбөгчид 2010 онд Тайванийн Тайюань хотод болсон уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бөгөөд ийнхүү өмнөх медалиа ихэрлүүллээ. Манайхан хэсгийн тоглолтод БНХАУ, Хонгконг, Филиппиний хүчтэй багийг сөхрүүлж, БНСУ, Тайванийн шигшээ багт хожигдсон юм. Улмаар хүрэл медалийн төлөөх тоглолтод Филиппиний шигшээ багтай дахин өрсөлдөж, 86:78-аар буулган авсан юм.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )