Монголчууд давхар цохилт хийлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Монгол туургатны Дэлхийн Монголчуудын үндэсний бөхийн холбооноос зохион байгуулдаг Монгол туургатны V наадам өчигдөр “АСА” циркэд боллоо. Монгол туургатны үндэсний бөхийн наадам анх 2008 онд Улаанбаатар хотод болсон бол 2009 онд Өвөр Монголын Шилийн гол аймагт, 2010 онд ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдэд, өнгөрсөн жилийнх ОХУ-ын Тува улсын Кызыл хотод зохион байгуулагдсан түүхтэй. Тэгвэл тав дахь удаагийн наадам өчигдөр “АСА” циркийн дэвжээнд бөхийн хорхойтнуудыг өндөлзүүлсэн уран хурц барилдаанаар дүүрэн болов. Энэ удаагийн наадамд Монгол улсаас гадна ОХУ-ын Тува, Буриад, Алтай улс болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны бөхчүүд -85, +85 кг-ын жинд тус бүр 64 бөх уран мэхийг уралдуулан барилдлаа.

Барилдааны +85-ын жинд улсын арслан Г.Эрхэмбаяр, улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, улсын заан Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд, Ч.Санжаадамба, улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, А.Цацабшир, А.Бямбажав, улсын өсөх идэр начин Ж.Отгонбаяр, Э.Энхбат, Б.Гончигдамба, улсын начин Ду.Батбаяр, П.Ганхүү, Н.Батзаяа, Ч.Баянмөнх, Б.Батмөнх, М.Эрдэнэбат, Б.Сангисүрэн, Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва, Б.Пүрэвсайхан, Б.Сугаржаргал тэргүүтэй 64 хүчтэн зодоглосноос  Архангай аймгийн Хашаат сумын харьяат, Орхон аймгийн “Хангарьд” спорт хороо, “Ажнай” корпораци, “Бөх билэгт” дэвжээний бөх улсын заан Ч.Санжаадамба Монгол туургатны энэ цагийн босоо аварга гэдгээ нотолж, дөрөв дэх удаагаа түрүүлэв. Тэрбээр эхний гурван наадамд түрүүлж байсан бөгөөд энэ удаагийн наадамд аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, улсын начин Б.Амарзаяа, аймгийн арслан А.Алтанхуяг, улсын начин Б.Сангисүрэн, Р.Пүрэвдагва, улсын өсөх идэр начин Э.Энхбат нарын хүчтэнүүдийг өвдөг шороодуулж, түрүүлсэн юм.

Харин -85 кг-ын жинд Булган аймгийн арслан Д.Амарсайхан хүчтэй өрсөлдөгч сумын заан Ш.Пүрэвгарьд, аймгийн арслан Т.Баасанхүү, аймгийн начин О.Түмэндэмбэрэл нарыг давж, түрүү бөхөөр тодорлоо. Ингэснээр Монголчууд хоёр жинд тэргүүлж, давхар цохилт хийв.

Ирэх жилийн наадмыг ОХУ-ын Алтай бүгд найрамдах улс зохион байгуулахаар болсон бөгөөд Монгол туургатны V наадмын сонин хачнаас хүргэе.

Даваа болгон сугалаатай, сонирхолтой барилдаантай


Монгол туургатны барилдаан даваа болгон сугалаагаар барилддагаараа онцлогтой. Тиймээс нэгийн даваанаас эхлэн гал гарсан сайхан барилдаан олон болсон. Тодруулбал нэгийн даваанд Монгол туургатны босоо аварга Ч.Санжаадамба, 2011 оны Сар шинийн барилдааны түрүү бөх аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатартай, улсын харцага Т.Өсөх-Ирээдүй улсын начин Б.Батмөнхтэй, улсын начин Ч.Баянмөнх Б.Пүрэвсайхантай, хоёрын даваанд улсын арслан Г.Эрхэмбаяр улсын заан Б.Соронзонболдтой, Ө.Бат-Орших Т.Өсөх-Ирээдүйтэй, гуравт улсын заан М.Өсөхбаяр улсын начин Б.Сангисүрэнтэй, Монгол туургатны дөрөвдүгээр наадмын аварга улсын харцага А.Бямбажав нутгийн харцага Ө.Бат-Оршихтэй сугалаагаар таарсан нь дээрхийг илтгэнэ.  

Чөлөөт бөх, жүдогийн шилдгүүд оролцсон наадам


Афины олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, аймгийн арслан Х.Цагаанбаатар энэ удаагийн наадамд оролцсон нь онцлог үйл явдал байв. Тэрбээр хоёрын даваанд сүүлийн үед барилдааны арга техник өсч яваа Завхан аймгийн Баянтэс сумын харьяат сумын заан Ш.Пүрэвгарьдад өвдөг шороодсон юм. Мөн Монгол туургатны V наадамд “Лондон-2012” олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон чөлөөт бөхийн ОУХМ О.Үйтүмэн, Азийн АШТ-ий медальт, ОУХМ Д.Гомбодорж, П.Өсөхбаатар, М.Мэндсайхан, жүдо бөхийн ОУХМ О.Болд-Эрдэнэ, Г.Түвшинжаргал, Б.Амбасэлмаа нарын манай улсын шилдэг бөхчүүд үндэсний бөхөөрөө хүч үзсэнээрээ онцлог байв.

Ах дүү бөхчүүд хоорондоо хүч үзэв

Энэ удаагийн Монгол туургатны наадамд ах дүү бөхчүүд хоорондоо таарч барилдсан нь сонин үйл явдал байлаа. -85 кг-ын жингийн нэгийн даваанд Увс аймгийн Тэс сумын харьяат аймгийн арслан Т.Мягмаржав, Т.Баасанхүү нар сугалаагаар тааран барилдаж, дүү нь ахыгаа өвдөг шороодуулсан бол шөвгийн дөрөвт Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын харьяат, чөлөөт бөхийн ОУХМ сумын заан О.Үйтүмэн, өөрийн төрсөн ах аймгийн начин О.Түмэндэмбэрэлтэйгээ хүч үзэж, өвдөг шороодсон юм.

+85 кг-ын жинд гадны ганц бөх шилдэг 16-д үлдэв


+85 кг-ын жинд гурвын даваанд Монголын 15, гадаадын ганц бөх үлдсэн. ОХУ-ын Тува улсын бөх Александр Хуурак Монгол туургатны V наадамд хоёр давж, Монголын шилдэг 15 хүчтэний хамт үлдэж, гурвын даваанд улсын начин Ч.Баянмөнхөд унасан юм. Сонирхуулахад Александр Хуурак Монгол Улсын даяар дуурсагдах, далай даян дархан аварга Х.Баянмөнх захиралтай “Шонхор” БТДС-ийг 2004-2008 онд суралцан төгссөн аж.

Түрүү бөх долоон сая төгрөг гардлаа

Энэ удаагийн Монгол туургатны наадмын нийт шагналын сан 50 сая төгрөг байв. Түрүү бөх долоо, үзүүр дөрөв, шөвгийн дөрөв шалгарсан хүчтэн 1.5 сая төгрөгийн шагнал хүртсэн юм. Түүнчлэн нэг давсан бөх 250, хоёр 400, гурав 800 мянган төгрөгийг гардсан нь урьд өмнө дуулдаагүй бай шагналтай байв.

Өмнөх наадмын аваргууд шөвгийн наймд бүдэрлээ


Монгол туургатны үндэсний бөхийн гуравдугаар наадмаас эхлэн хоёр жинтэй болгож эхэлсэн. Буриад болсон наадмын -75 кг-ын жингийн аварга Тувагийн Сэлдис Монгуш, өнгөрсөн жилийн дөрөвдүгээр наадмын -85 кг-ын аварга Андрей Монгуш нар Улаанбаатар ирж, хоёулаа шөвгийн наймд өвдөг шороодлоо. Сэлдис чөлөөт бөхийн ОУХМ О.Үйтүмэнд, Андрей нь аймгийн арслан Т.Баасанхүүд хонгодох мэхээр өвдөг шороодсон юм.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top