“Хангарьд” клубийнхэн Гуулин улсад үзүүрлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

БНСУ-ын Инчеон хотод болсон олон улсын хөлбөмбөгийн тэмцээнд Орхон аймгийн “Хангарьд” клуб мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт үзүүллээ. Тэмцээнд Япон, Саудын Араб, БНХАУ, Тайланд, Монгол, БНСУ-ын зургаан баг өрсөлдсөнөөс Эрдэнэт үйлдвэрийн хөлбөмбөгчид эхний тойрогт Саудын Арабыг 7:1-ээр, дараа нь Японы “Китакюүшюү” клубийг 3:0-ээр буулган авч, шигшээ тоглолтонд Тайландын “Бангкок”-т 2:3-аар дийлдэн, мөнгөн цомын эздээр тодорлоо. М.Отгонбаяр дасгалжуулагчтай, С.Баярзаяа ахлагчтай “Хангарьд” клубийнхэн өмнө нь Инчеонд хоёр удаа урилгаар хүрэлцэн ирж, цуврал нөхөрсөг тоглолт хийж байсан бөгөөд энэ удаа “Инчеон-2012″ олон улсын хөлбөмбөгийн анхдугаар тэмцээнд нэр заан уригдсан юм. Инчеон хотын дарга Сон Ён-Гил болон “Инчеон-2014″ Азийн наадмын зохион байгуулах хорооны удирдлагууд хаалтын ёслолд оролцож, Тайланд, Монголын багийн шагналыг гардуулав. Цомыг дагалдан түрүүлсэн багт 3000, үзүүрлэсэн багийг 1000 ам.долларын мөнгөн шагнал дагалдсан байна. Тэмцээний шилдэг тоглогчоор О.Мөнх-Од (дөрвөн гоол) шалгарсан бол “Fair Play” цэвэр тоглолтын шагналыг багийн ахлагч С.Баярзаяад олгожээ. Ирэх жилийн тэмцээн 2013 оны аравдугаар сард зохиогдох бөгөөд 10 орны баг оролцох төлөвтэй байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top