Райкконен энэ жилийн анхны түрүүгээ хүртэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 05

Автомашины хаан уралдаан “Формула-1” ангиллын ДАШТ-ий 18 дахь гараа өчигдөр АНЭУ-ын Абу-Даби хотын “Яс Марина” автотойруулгад боллоо. 2009 оноос эхтэй Абу-Дабигийн гарааны байрлал тогтоох уралдаанд “Макларен Мерседес” багийн нисэгч, Их Британийн Льюис Хэмилтон тэргүүлсэн. Тэрбээр уралдааны 12 дугаар тойрогт тэргүүллээ Феттельд алдсан. Гэвч немц эр пит-стоп орсноор Кими Райкконен тэргүүллийг бий болгосон юм. Райкконен уралдааны төгсгөл хүртэл тун гайхалтай хурдалж, 1.45:052 секундын амжилтаар торгон жолоо өргүүлж, энэ жилийн анхны түрүүгээ авав. Энэ нь түүний замналын 19 дэх цом болсон юм. Харин дэлхийн хошой аварга “Феррари” багийн испани нисэгч Фернандо Алонсо тэргүүлэгчээс 0.852 секундын алдагдалтай аман хүзүүдэж, Эмиратад өмнө хоёр удаа түрүүлж байсан сүүлийн хоёр жилийн дэлхийн аварга “Ред Булл” багийн герман нисэгч Себастьян Феттель гуравт хурдалж, шагналын тавцанд гишгэсэн байна.

Ингэснээр ДАШТ-ий аваргын алдрын төлөө өрсөлдөж буй Алонсо, Феттель нарын дунд ердөө 10 оноо зааглаж байна. Тиймээс сүүлийн хоёр гарааны дараа хэн аварга болох нь тодорхой болох юм.

Себастьян Феттель энэ жил “Шар тив”-д болсон бүх гараанд түрүүлэх хүсэл нь Абу-Дабид хэрэгжиж чадсангүй. Учир нь немц эр Ази тивд болсон Сингапур, Япон, БНСУ. Энэтхэгийн гараанд дараалан түрүүлээд байсан юм.

63 дахь удаагийн ДАШТ өндөрлөхөд ердөө хоёр гараа үлдээд байгаа бөгөөд 19 дэх гараа арваннэгдүгээр сарын 18-нд АНУ-д болно.

Абу-Дабигийн гараа

1. Кими Райкконен (Лотус-Рено)           1.45:052

2. Фернандо Алонсо (Феррари)              +0.852

3. Себастьян Феттель (Ред Булл)           +4.163

4. Женсон Баттон (Макларен)               +7.787

5. Пастор Мальдонадо (Уильямс)          +13.007

6. Камуи Кобаяси (Заубер)                    +20.076

7. Фелипе Масса (Феррари)                   +22.896

8. Бруно Сенна (Уильямс)                    +23.542

9. Пол ди Реста (Форсе-Индиа)              +24.160

10. Даниэль Риккиардо (Торо Россо)      +27.463

 ДАШТ-ийн явц

1. Себастьян Феттель (Ред Булл)           255 оноо

2. Фернандо Алонсо (Феррари)             245

3. Кими Райкконен (Лотус-Рено)            198

4. Марк Уэббер (Ред Булл)                     167

5. Льюис Хэмилтон (Макларен)              165

6. Женсон Баттон (Макларен)                153

7. Фелипе Масса (Феррари)                   95

8. Нико Росберг (Мерседес)                   93

9. Ромэн Грожан (Лотус-Рено)                90

10. Серхио Перес (Заубер)                    66

Зохион бүтээгчдийн цом

1. Ред Булл        422 оноо

2. Феррари         340

3. Макларен       318

4. Лотус-Рено     288

5. Мерседес        136

6. Заубер           124

7. Форс-Индиа   95

8. Уильямс         73

9. Торо Россо    22

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top