Эрчүүдийн ширүүн тэмцэл эхэллээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд өчигдөр эхэллээ. Нийт 4.45 сая ам.долларын шагналын сантай оны сүүлийн тэмцээн “О2 Arena”-д болж байгаа юм. Оны төгсгөлд амжилтаараа шалгарсан шилдэг найман тамирчин хоёр хэсэгт хуваагдан тоглодог дүрэмтэй. Тэмцээний “А” хэсэгт дэлхийн номер нэг теннисчин Сербийн Новак Жокович, Их Британийн Энди Мюррей (3), Чехийн Томаш Бердых (6), Жо-Уильфред Цонга (8), багтсан бол “B” хэсэгт Швейцарийн Рожер Федерер (2), Испанийн Давид Феррер (5), Аргентиний Хуан Мартин Дель Потро (7), Сербийн Янко Типсаревич (9) нар оржээ. Энэ удаа дэлхийн чансааны дөрөвдүгээрт эрэмбэтэй, “Их дуулга”-ын 11 удаагийн аварга Испанийн Рафаэль Надаль бэртлийн улмаас өнжиж, түүний оронд Сербийн Типсаревич үилдгүүдийн тэмцээнд хүч үзэж байгаа юм.

Өчигдөр А хэсгийн эхний тоглолтод дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович Францын Цонгаг 7:6, 6:3-аар хожлоо. Мөн энэ хэсэгт өрсөлдөж буй эзэн орны итгэл найдвар болсон Их Британийн Энди Мюррей Чехийн Томаш Бердыхийг гурван үед буулган авлаа. Тоглолтын эхний сетэд чех эр 6:3-аар давамгайлсан. Гэсэн ч удаах хоёр үед Мюррей өөрийн шилдэг тоглолтоо үзүүлж, өрсөлдөгчөө 6:3, 6:4-өөр сөхрүүллээ.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top