Дэлхийн хошой аварга Мао Асада туршлага заан түрүүлэв

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 06

Уран гулгалтын Гран при тэмцээн нийт зургаан тэмцээнээс бүрддэг бөгөөд эхний хоёр тэмцээн АНУ-ын Кент, Канадын Уиндсор хотод зохион байгуулагдсан. Тэгвэл гурав дахь тэмцээн БНХАУ-ын Шанхай хотод энэ сарын 2-4-нд боллоо. “Shanghai Oriental Sports Center”-т болсон “China Cup” тэмцээн эрэгтэй, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан болон бүжгийн хос, спортын хосын төрөлд өрсөлдлөө.

Эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Наран улсын залуу тамирчин Тацүки Мачида 236.92 оноогоор тэргүүлж, Гран пригийн аварга боллоо. Харин түүний нутаг нэгт тамирчин 2010 оны дэлхийн аварга Дайсүки Такахаши (231.75), ОХУ-ын Сергей Воронов (217.61) нар мөнгө, хүрэл медалийн эзэн болсон байна.

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн өрсөлдөөн тун ширүүн өрнөж, дэлхийн хошой аварга Мао Асада туршлага заан түрүүлэв. Тэрбээр 181.76 оноогоор өнгөлж, энэ жилийн залуучуудын дэлхийн аварга ОХУ-ын 14 настай охин Жулья Липницкаяа (177.92) Финландын ЕАШТ-ий мөнгө, хүрэл медальт, Эстонийн Кийра Корпи (169.69) нар удаалав.

Спортын хосын төрөлд эзэн орны Пан Кин, Тон Жиан, ОХУ-ын Юки Кавагүчи, Александр Смирнов нарын шилдгүүдийн хооронд гол өрсөлдөөн өрнөж, Нанхиадын хос 188.82 оноогоор өнгөлж, Смирнов, Кавагүчи нар 183.53 оноогоор аман хүзүүдэв. Харин хүрэл медалийг ОХУ-ын залуу хос Ксениа Столбова, Федор Климов (172.55) нар хүртлээ.

Бүжгийн хосод Францын Натали Пешала, Фабиан Боурза 169.73 оноогоор аваргалж, ОХУ-ын Екатерина Боброва, Дмитрий Соловьев (159.46), Канадын Каитлин Уэвер, Эндрью Поже (158.97) нар мөнгө, хүрэл медалийн эзэн болов.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top