Монгол Улсын соёл, спорт, аялал жуулчлалын дэд майд М.Түмэнжаргал, тус яамны газрын дарга Д.Жаргалсайхан нар ОХУ-ын Сочи хотод аравдугаар сарын 31 нээс арваннэгдүгээр сарын 2-нд болсон “Энх тайван-спорт” олон улсын чуулганд оролцох үеэр ОХУ-ын спортын яамны орлогч майд Н.В.Паршикова болон тус яамны албаны хүмүүстэй ажил хэргийн уулзалтыг “Красная поляна” зочид буудлын цогцолборт зохион байгуулжээ.
Уулзалтын үеэр хоёр орны спортын салбарын өнөөгийн байдлын талаар хэлэлцэж, санал бодлоо солилцсон байна. Монголын талаас зарим спортын мэргэжилтэн, дасгалжуулагч нарыг ОХУ-ын спортын их сургуульд бэлтгэх, харилцан солилцох, Монголд спортын байгууламж барих төсөлд хамтран оролцох, тамирчдын хамтарсан бэлтгэл хийх, Сочигийн өвлийн олимпод оролцох тамирчдыг ОХУ-ын талд бэлтгэх зэрэг асуудлыг ярьж нааштайгаар шийдвэрлэх болсон байна.
Энэ үеэр хоёр орны баг тамирчдын солилцоонд гарч байдаг хүндрэлтэй асуудал болох визний үнэ тарифийг бууруулах, хөнгөлөлт үзүүлэх талаар холбогдох улсын гадаад хэргийн яамдуудаа харилцан санал оруулахаар боллоо.
ОХУ-ын спортын яамны орлогч сайд Н.В.Паршиковаг энэ оны сүүлээр Монгол Улсад урьж хоёр яамны хооронд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурахаар санал яригдсныг ОХУ-ын тал зөвшөөрчээ. Одоо гэрээний төслүүдийг хоёр тал Элчин сайдын яамаараа дамжуулан солилцох ажил явагдах аж. Түүнчлэн энэ үеэр хоёр улсын хилийн районуудын биеийн тамир, спортын газрын дарга нарын нэгдсэн уулзалтыг энэ үеэр зохион байгуулах талаар ярилцсан байна.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )