“Mongolian Warrior” буюу “Монголын дайчин” нэрээр мэргэжлийн боксийн ертөнцийг чамгүй шуугиулж яваа Чойжилжавын Цэвээнпүрэв дэлхийн аваргын бүсийн төлөө тулалдах гэж байна. Тулаан Сингапурын шоу-энтэртэйнментийн хамгийн том төв болох “Марина Бэй Сандс” цогцолборт арваннэгдүгээр сарын 9-нд болох юм. Түүний өрсөлдөгчөөр нэр хүндээрээ шилдэг холбоодын нэгт тооцогддог IBO буюу Олон Улсын Боксийн Байгууллагын дэлхийн аварга Индонезийн боксчин Дауд Чино Ёрдан юм.
Мэргэжлийн боксийн рингнээ 32 тоглолт хийснээс 29 нь ялалт байгуулсан Д.Ёрдан өнгөрсөн оны тавдугаар сард Филиппиний боксчин Л.Вилланеуваг буулгаж аван дэлхийн аварга болсон бөгөөд цолоо хамгаалах анхны тулаанаа манай улсын боксчинтой хийхээр болж байгаа юм. Ч.Цэвээнпүрэв мэргэжлийн боксийн рингнээ 1997 оноос хойш тулалдаж буй бөгөөд энэ хугацаанд 41 тоглолтод оролцож 36 ялсан. Гадаадын хэвлэлд IBO-ийн дэлхийн аварга Д.Ёрданы дасгалжуулагч Дамьен Иордан шавиа “Ч.Цэвээнпүрэвтэй хийх тулаан тийм амар байхгүй болов уу” хэмээн саяхан өгсөн ярилцлагадаа дурьджээ. Ч.Цэвээнпүрэв хэдийгээр 41 настай ч нас зааж туршлага гэдгийн адил давуу тал нь болж болох талаар мөн ярьжээ.
Харин Д.Ёрданы “Би 10 роундаас өмнө Чойг нокоутаар буулгаж авах боломжтой гэж үзэж байгаа. Чойгийн өмнөх тоглолтуудын бичлэгээс харахад тэр их хүчтэй тамирчин нь мэдэгдсэн. Тэр 41 настай учраас туршлагаараа надаас илүү ч бий түүнийг ялж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна.. Мэдээж би түүний эсрэг бүх хүч чадлаа гаргаж, дэлхийн аваргын бүсийг эх орондоо буцааж авчрана гэдэгтээ итгэлтэй байна. Би бүх Индонезийн ард түмнийг намайг дэмжиж, залбираасай гэж хүсч байна” гэсэн байна. Төрөлх хотынхоо Кетапанг хэмээх газар бэлтгэлээ базаасан тэрбээр энэ сарын 4-нд Сингапурт хүрэлцэн очсон байна. Харин Чой өнөөдөр тус улсыг зорино.
У.Баяраа
Сэтгэгдэл ( 0 )