“Манчестер Сити”, “Зенит” нуман тулгуурт орлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 07

Европын хөлбөмбөгийн холбооны клубүүдийн хамгийн нэр хүндтэй тэмцээн “Аваргуудын лиг”-ийн хэсгийн тоглолт үргэлжилж байна. 58 дахь удаагийн тэмцээний “А”, “В”, “С”, “D” хэсгийн дөрөвдүгээр  тойргийн тоглолт өчигдөр шөнө болж, тус тэмцээний хамгийн олон түрүүтэй Испанийн “Реал”, Италийн “АС Милан”, Английн Манчестер Сити, “Арсенал” клубүүд тэнцэж, сүүлийн хоёр жилийн ОХУ-ын аварга “Зенит” “Андерлехт”-эд хожигдсон байна . Ингээд эхний дөрвөн хэсгийн дөрөвдүгээр тойргийн тоглолтын тоймыг хүргэе.

“А” хэсэг

Динамо К (Украин) - Порту (Португал) 0:0


Хэсэгтээ эхний гурван тоглолтоос 100 хувийн амжилттай яваа “Порту” Киев хотын Олимпийский цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэдтэй 0:0-ээр хуурай тэнцлээ. “Луунууд” тавдугаар тойрогт “Пари Сан Жермен”-тэй хийх тоглолтоос хэсгээ тэргүүлэх эсвэл хоёрдугаар байраар гарахаа шийдэх юм.

ПСЖ (Франц) - Динамо З (Хорват) 4:0


Гоол: Алекс 16, Блез Матюйди 61, Жереми Менез 65, Гийом Оаро 80

Хэсгийн анхны тоглолтод Португалийн “Порту”-д 0:1-ээр хожигдсон Францын Пари Сан Жермен сүүлийн гурван тоглолтод дараалан хожиж, өнгөрсөн зун Буурал тивийн багуудаас хамгийн их мөнгө зарцуулсан хэргээ бүтээв. Карло Анчелоттигийн шавь нар өчигдөр шөнө Парис хотдоо Хорватын аваргуудыг 4:0-ээр бут ниргэлээ. ПСЖ-ээс Алекс, Блез Матюйди, Жереми Менез, Гийом Оаро нар гоолджээ.

“В” хэсэг

Шальке-04 (Герман) - Арсенал (Англи) 2:2


Гоол: Клас-Ян Хунтелар 45+2, Жефферсон Фарфан 67 - Тео Уолкотт 18, Оливье Жиру 26

Өмнөх тоглолтод “Эмирайтс” цэнгэлдэх хүрээлэндээ 0:2-оор хожигдсон “Их Буучид” Германд талбайн эзэдтэй 2:2-оор тэнцлээ. Тоглолтын эхний эхлээд 26 минут өнгөрч байхад “Арсенал” Тео Уолкотт, Оливье Жиру нарын гоолын ачаар 2:0-ээр хошуучилж байв. Харин “Шальке”-гийн нидерланд довтлогч Клаус-Ян Хунтелаар эхний хагасын сүүлийн минутад тоог 1:2 болгосон бол перу довтлогч Жефферсон Фарфан хоёрдугаар хагасын 67 минутад тэнцээний бөмбөгийн шигтгэсэн байна.

Олимпиакос (Грек) - Монпелье (Франц) 3:1


Гоол: Паулу Машаду 4, Леандро Греко 80, Константинос Митроглу 82 - Юнес Бельханда 66 пен

Грекийн хөлбөмбөгийн хамгийн олон түрүүтэй “Олимпиакос” өнгөрсөн улирлын Францын аварга “Монпелье” хоёр дараалан хожсоноор боломжоо хадгалж үлдлээ. Тэд өчигдөр Пирей хотдоо өрсөлдөгчөө 3:1-ээр буулган авсан. “Олимпиакос” сүүлийн хоёр тоглолтдоо “Арсенал”, “Шальке” гэсэн хүчирхэг багуудтай тоглоно. Хэрэв аль нэгэнд нь хожигдох аваас тэдний боломж үгүй болох юм.

“С” хэсэг

Милан (Итали) - Малага (Испани) 1:1


Гоол: Алешандре Пато 73 - Элизеу 40

“Аваргуудын лиг”-т анх удаа хүч үзэж буй Испанийн “Малага” Милан хотын “Сан Сиро” цэнгэлдэх хүрээлэнд талбайн эзэдтэй 1:1-ээр эвийн гэрээ байгуулснаар хасагдах шатанд өрсөлдөх эрхээ халаасаллаа. Тоглолтын эхний хагасын 40 дэх минутад “Малага”-гийн Элизеу гоол оруулж, салхийг хагалсан. Хар ин хоёрдугаар үеийн энэ улиралд анхны тоглолтдоо оролцож буй Бразилийн шилдэг довтлогч Алешандро Пато тэнцээний бөмбөгийг шигтгэжээ.

Андерлехт (Бельги) - Зенит (ОХУ) 1:0


Гоол: Дьёмерси Мбокани 17

Бельгид заавал ялалт байгуулах даалгавартай очсон Лучано Спалеттигийн шавь нар үүргээ биелүүлж чадсангүй, “Андерлехт”-эд 0:1-ээр хожигдож, өөрсдийн боломжоо тун хүндрүүллээ. Тоглолтын цорын ганц гоолыг талбайн эздийн конго довтлогч Дьемерси Мбокани оруулав. Ингэснээр Санкт-Петербургийн багийн хувьд үлдсэн хочр тоглолтоос зайлшгүй ялалт байгуулах даалгавартай хоцорлоо. Түүнчлэн Бельгийн “Андерлехт”-эд боломж байгаа. Тэдний хэн нь боломжоо ашиглахыг харах л үлдлээ.

“D” хэсэг

Реал (Испани) - Боруссиа Д (Герман) 2:2


Гоол: Пепе 34, Месүт Өзиль 89 - Марко Ройс 28, Альваро Арбелоа 45 автогоол

“Аваргуудын лиг”-ийн хамгийн олон түрүүтэй “Реал” “Сантьяго Бернебау” цэнгэлдэх хүрээлэндээ өнгөрсөн улирлын “Бундеслиг”-ийн аварга Боруссиа “Дортмунд”-ыг хүлээн авсан ч 2:2-оор эвийн гэрээ байгуулав. Хэрэв эзэн хааны багийн немц хагас хамгаалагч Месүт Өзиль үндсэн цаг өндөрлөхөөс нэг минутын өмнө нь тэнцээний бөмбөгийг оруулаагүй бол “Реал” Германы аваргуудад хоёр дараалан бүдрэх байв. Хэрэв тус тоглолтод “Боруссиа” хэдэн минутыг тэссэн бол хасагдах шатны эрхээ халааслах байлаа.

Манчестер Сити (Англи) - Аякс (Нидерланд) 2:2


Гоол: Яя Туре 22, Серхио Агуэро 74 - Сим де Йонг 10, 17

Өмнөх тойрогт Амстердам хотод зочилж, 3:1-ээр хожигдсон өнгөрсөн улирлын “Премьер лиг”-ийн аварга “Манчестер Сити” клуб “Этихад” цэнгэлдэх хүрээлэндээ Нидерландын “Аякс”-ыг хүлээн авч, тоглон 2:2-оор тэнцсэнээр “Зенит” –ийн адилаар үлдсэн хоёр тоглолтдоо зайлшгүй хожиж байж хасагдах шатанд өрсөлдөх боломжтой болох юм. Хэрэв боломжоо ашиглаж чадахгүй аваас хасагдах шатыг цэнхэр дэлгэцээрээ үзнэ. “Этихад”-д болсон тоглолтод “Аякс”-ын Сим де Йонг 10, 17 минутад гоол оруулж, талбайн эздийн хүнд цохилтод оруулсан. Харин “Манчестер Сити” олон довтолгоо хийсний хүчинд тоог тэнцүүлэв.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top