Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн холбоо буюу АТР-гийн чансааны шилдэг найман тамирчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Нийт 4.45 сая ам.долларын шагналын сантай тэмцээний “B” хэсгийн эхний тоглолт өчигдөр боллоо.
Шигшээ тэмцээнд зургаан удаа түрүүлж, үнэмлэхүй амжилт тогтоогоод буй “Их дуулга”-ын 17 удаагийн түрүүтэй Швейцарийн Рожер Федерер эхний тоглолтоо Надалийг орлож, шилдгүүдтнй өрсөлдөж байгаа, дэлхийн чансааны есдүгээрт эрэмбэтэй Сербийн Янко Типсаревичтэй хийлээ. Уг тоглолтод “Швейцарь цаг” өрсөлдөгчөө 6:3, 6:1-ээр буулган авч, анхны ялалтаа байгуулав.
Мөн гурван хоногийн өмнө Парисын “Мастерс”-т түрүүлсэн дэлхийн чансааны тавдугаарт бичигддэг Испанийн Давид Феррер 2009 оны Америкийн нээлттэй тэмцээний аварга Аргентиний Хуан Мартин Дель Потрог гурван үеийн турш ширүүн тэмцэлдэж, ялалт байгууллаа. Тоглолтын эхний сетэд Феррер өрсөлдөгчөө 6:3-аар илүүрхсэн бол удаах үед Потро 6:3-аар давамгайлав. Харин шийдвэрлэх гурав дахь сетэд испани эр өрсөлдөгчөө 6:4-өөр буулган авлаа.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )