Ч.Цэвээнпүрэв болон Д.Ёрдан нар нээлттэй бэлтгэлд оролцлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Сингапурын Марина Бэй Сандсд ирэх баасан гарагт болох IBO-ийн дэлхийн аваргын төлөө тулалдах гавьяат тамирчин Ч.Цэвээнпүрэв, Индонезийн дэлхийн аварга боксчин Д.Ёрдан нар өчигдөр хэвлэлийнхэнд зориулан нээлттэй бэлтгэлээ хийлээ. Энэ үеэр Чой “Өөрийнхөө туршлагыг давуу тал болгон, дэлхийн аваргын бүсийн төлөө чадах бүхнээ рингэн дээр гаргана” гэдгээ сэтгүүлчдэд хэлэв. Түүнийг өмнө нь  Жэк Доути болон Лий Уилкинс нарын дэлхийн аварга боксчидтой хамтран ажиллаж байсан  Спенсер Фирон дасгалжуулж байгаа. Дашрамд дурьдахад уг тоглолтонд оролцохоор бэлтгэж буй “Монгол дайчин” Ч.Цэвээнпүрэвийг “Оюутолгой” ХХК ивээн тэтгэн, дэмжиж оролцож байгаа ажээ.

Дауд Ёрдан гэж хэн бэ


Дауд Ёрдан 1987 оны зургадугаар сарын 10-нд Индонез улсын Баруун Калимантан мужийн Кетапанг хэмээх тосгонд төржээ. Түүний эцэг Херманиус Лай Тьюн нь Хятад гаралтай байсан бөгөөд боксийн хорхойтой хүн байж. Энэ нь ч түүний зургаан хүүхдээс дөрөв нь мэргэжлийн боксчин болсноос тод харагддаг. Түүний хамгийн том ах Дамиан Ёрдан нь сонирхогчийн боксоор улсын аваргаар гурван удаа тодорч байсан бөгөөд өдгөө дүүгийнхээ дасгалжуулагчаар ажилладаг. Тэрчлэн түүний ах Питер Ёрдан болон дүү Иохан Ёрдан нь нар нь чамгүй сайн амжилтыг мэргэжлийн боксын талбарт үзүүлж байна. Дауд Ёрданы анхны багш нь тухайн үед Индонезийн сонирхогчийн боксийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байсан куба мэргэжилтэн Карлос Иэсүс Ренате Торес байжээ. Чухам энэ хүн түүнийг өсвөрийн шигшээ багт анхлан авч, хэд хэдэн олон улсын тэмцээнээс медаль хүртэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Түүнийг дуудахдаа Хятад гаралтай учраас “Чино” буюу Испаниар Хятад гэж нэрлэдэг байсан нь өдгөө Ёрданы хоч нь болон олонд хүрсэн билээ.

Гэвч Ёрдан сонирхогчийн боксоор хичээллэхийг хүссэнгүй, ердөө 18 насандаа мэргэжлийн бокст хөл тавьжээ. 2005 оны наймдугаар сард түүний анхны өрсөлдөгч нь А.Питулая хэмээх мөн л залуу боксчин байсан бөгөөд дөнгөж нэгдүгээр роундад техникийн нокоутаар өрсөлдөгчөө хожжээ. Үүний дараа 10 тоглолтод дараалан ялалт байгуулжээ. Тэдгээр тоглолтын найм нь хугацаанаас өмнө өрсөлдөгчөө ялснаар WBO-ийн хөнгөн жингийн залуучуудын ДАШТ-нд Реман Салимтай тоглох боломжтой болжээ. Энэ тулаанд ч тэрбээр илт давамгайлж наймдугаар роундад хүнд цохилтоор ялалт байгуулж, өөрийгөө ирээдүйтэй боксчин гэдгээ дахин баталсан. Чухам энэ үеэс түүний нэр Индонезийн төдийгүй азийн боксийн ертөнцөд цуурайтаж, ирээдүйн дэлхийн аварга хэмээн хэвлэлийнхэн цоллож эхэлжээ.

Ийнхүү 2008 онтой золгож, тэр жилийнхээ есдүгээр сард АНУ-д хамгийн анхны тоглолтоо хийх боллоо. Лас Вегасын алдарт MGM гарденд тэрбээр Мексикийн боксчин Антонио Мецатай тоглосон бөгөөд найман роундын дараагаар оноогоор ялж, нэр алдар нь улам мандсан юм. Учир нь тэр Америкт болсон тулаанд ялалт байгуулсан анхны Индонези боксчин байв. Түүний өмнө Индонезийн гурван боксчин Америкийн дэвжээнээ тулалдаж байсан ч ялагдал хүлээж байсан аж. Тэрбээр тэр ялалтынхаа ачаар домогт боксчин Оскар Де Ла Хояагийн удирддаг “Алтан Жаал” проумоутерийн компанитай урт хугацааны гэрээ байгуулж чадсан юм.

Ийнхүү нэр амжилтын замнал нь өсөхийн зэрэгцээ Р.Алланикийг буулган авч WBO-ийн дэлхийн аварга цолыг хүртсэн ч 2010 оны дөрөвдүгээр сард анхныхаа ялагдлыг амсав. Шалтгаан нь АНУ-д нэвтрэх виз нь гаралгүй удснаас тоглолт болох Флоридад хоёрхон өдрийн өмнө очсон учир цагийн зарүү гараагүйн улмаас тун муу тоглолтыг өрсөлдөгч  С.Кабалерогийн эсрэг үзүүлж, хоёрдугаар роундад нокоутад орж шүүгчийн саналаар ялагджээ. Тэр ялагдлын дараа хоёр тоглолтод өрсөлдөгчөө нокоутаар ялсан. Нэг жилийн дараа нутагийнхаа түүхэнд хамгийн агуу боксчин хэмээн нэрлэгддэг Крис Жонтой Ёрдан WBA-ийн дэлхийн аваргын төлөө тоглохоор болжээ. Тоглолт тун ойрхон байсан ч шүүгчийн саналаар ялагдаж, дэлхийн аварга болж чадаагүй юм. К.Жон 16 дахь удаагаа аварга цолоо хамгаалсан нь тэр байлаа. Ингээд Ёрдан хоёр дахь ялагдлынхаа дараа К.Жоны харьяалагддаг “Dragon Fire” промоутерийн компанид харьяалагдах болсон. Түүнийхээ ачаар тэр өнгөрсөн арваннэгдүгээр сард Австралид Ф.Аркулетаг дөрөвдүгээр роундад буулгаж аван, улмаар тавдугаар сарын дараа IBO-ийн дэлхийн аваргын төлөө  кареертаа нэг ч ялагдаагүй байсан Л.Вилуневаг дөнгөж хоёрдугаар роундад хүнд цохилтоор ялж дэлхийн аварга цолыг хүртсэн юм. 

Дэлхийн аварга цолыг эзэмшиж буй Индонезийн хоёр боксчин Д.Ёрдан, К.Жон нар баасан гарагийн үдэш Сингапурын энтертэйнмэнт төв гэж хэлж болох алдарт Марина Бэй Сандсд рингнээ гарах болно. Д.Ёрданы аваргаа хамгаалах хамгийн эхний учраа нь Монголчн боксчин Чойжилжавын Цэвээнпүрэв байх билээ.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top