Х.Мөнхбаатар VS Р.Нямдорж

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Монголын Үндэсний бөхийн холбооноос өчигдөр хэвлэлийн баг хурал хийлээ. Энэ үеэр Ардын хувьсгалын 91 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилйин ойн баяр наадмаар сэргээш хэрэглэсэн хоёр бөхийг албан ёсоор зарлав. Өнөө жилийн улсын баяр наадмаар долоо давж, шөвгөрсөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар, тав давж, начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн нь албан ёсоор тогтоогдсон. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн нэрийг баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн. Эдгээр бөхөд ямар шийтгэл хүлээлгэхийг баяр наадмыг зохион байгуулах хороо шийддэг. Гэвч наадмын зохион байгуулах хороо шуурхай арга хэмжээ авч, шийдэхгүй байна. Тус хороог шадар сайд ахалдаг. Шинэ шадар сайд томилогдсоноор шинээр хороо байгуулагдах болоод байгаа гэж МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж мэдэгдлээ. Харин улсын арслан Х.Мөнхбаатар хэвлэлийн бага хурлын үеэр танхимд орж, ирэн сэтгүүлчдэд ярилцлага өглөө.

Тэрбээр хэлэхдээ “Би энэ жилийн сар шинийн барилдааны үеэр улсын аварга С.Мөнхбаттай барилдаж байгаад баруун мөрөндөө гэмтсэн. Түүнийгээ эдгээхийн тулд эмийн сангуудаар худалддаг Чилийсэн палийсан гэдэг эм уусан. Тэнд нь гормон өндөрсүүлэгч бодис байдаг юм билээ. Түүнээс өөр эм огт хэрэглээгүй. Тиймээс би уг эмэнд агуулагдсан бодис нь сэргээшийн төрөлд багтаж буй эсэхийг “Улаанбаатар Сонгдо” эмнэлэгт шинжлүүлэхээр хүсэлт тавиад байсан.

Гэтэл Р.Нямдорж тэргүүн “Наадах чинь хүчингүй” гэхээр нь БНСУ-д өөрийнхөө зардлаар очиж, уг эмийг шинжлүүлээд дүгнэлтийг нь гаргуулъя гэсэн. Нөгөө эмний шинжилгээний дүн 10-14 хоногийн дараа ирнэ. Тиймээс сэргээш хэрэглэсэн гэх бөхчүүдийн асуудлыг зарлахаа түр азнаач гэж Р.Нямдорж тэргүүнээс бичгээр хүссэн юм. Гэвч тэрбээр хүсэлтийг маань хүлээж аваагүй” гэв.

Мөн энэ үеэр Х.Мөнхбаатар арслан бөхийн найраа гэдгийг олны сонорт хүргэсэн нь бөхийн хорхойтнууд төдийгүй ард түмний анхаарлыг татлаа.

Тэрбээр МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж надад 70 сая төгрөг өгөхийг завдсан хэмээн мэдэгдсэн. Тодруулбал 2007 оны улсын баяр наадмын долоогийн даваанд би түүний хүү улсын гарьд Н.Ганбаатартай таарсан. Тэр үед Ганбаатар аймгийн арслан цолтой, би улсын заан цолтой байсан. Тухайн Р.Нямдорж гуай надад ирж “Чи Ганбаатарыг дэмжээд заан болгочих, чамд 70 сая төгрөг өгье” гэсэн. Би түүний саналаас татгалзсан. Яагаад гэвэл би бөхдөө хайртай ард түмнээ хуурахыг хүсээгүй,  үнэнчээр барилдсан. Тэгэхэд Р.Нямдорж гуай надад “Чи яасан овоо хүүхэд вэ, намайг хараарай” гэж хэлсэн.

Харин хариуд нь МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж хэлэхдээ “Миний хүү яаж барилдаад цол авсныг ард түмэн мэднэ. Би чамд 70 сая төгрөг өгье гээд явж байх хүн биш. Миний хүү юу гэж чамаар заан болох юм бэ. Чамаас би юу гэж тоож гуйх вэ дээ. Чи өнөөдөр хэнээр ийм үг заалгаж ингэж ярьж байгаа юм бэ. Ард түмнээс санал асуухад Р.Нямдорж хүүхдээ 70 сая төгрөг өгч цол авсан гэж ярих хүн Монголд байхгүй байх гэж бодож байна. Би хэзээ ч амьдралдаа чиний ярьж байгаа шиг бузар юм хийхгүй. Би чамайг шүүхэд өгнө. Буруугүй гэдгээ нотолно. Ингэж ярьж байгаа бол би чиний эсрэг тэмцэх болно” хэмээв.

Хэрэв арслангийн хэлдэг үнэн бол Монголын бөхийн дэвжээ өндөр даваануудад хүртэл найраа хийдэг юм байна гэж ард түмэнд ойлгогдохоор болж байна.

Ямартай ч үүнээс хойш МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж, Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар нар шүүх, цагдаа дээрээ тулж, бие биедээ хонь чоно болж, нэг хэсэгтээ халуухан ярианы сэдэв болох нь тодорхой юм.

Б.Батаа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top