Жокович хагас шигшээд шалгарч, оны шилдэг теннисчин боллоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 08

Талбайн теннисний ATP-гийн холбооны шилдэг найман теннисчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээн Английн нийслэл Лондон хотод үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний гурав дахь өдөр “А” хэсгийн хоёрдугаар тойргийн тоглолт боллоо.

Дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жокович, дэлхийн чансааны гуравдугаарт эрэмбэтэй, Лондоны олимп болон Америкийн нээлттэй тэмцээний аварга эзэн орны Энди Мюррей нарын тулаан теннис сонирхогчдын анхаарлын төвд байв. Тэд хоорондоо 15 удаа тоглоход Жокович найм, Мюррей долоон удаа хожсон. Харин сүүлийн хоёр чухал уулзалтад шотланд эр ялалт байгуулаад байгаа юм. Хоёр цаг 34 минутад үргэлжилсэн тулаан ялагчаар Жокович тодорч, хагас шигшээд өрсөлдөх эрхээ авав. Ингэснээр тэрбээр энэ онд дэлхийн тэргүүн теннисчний чансааг хадгалж үлдлээ.

Тоглолтын эхний сетэд Мюррей хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө гайхалтай байж, 6:4-өөр ялалт байгуулсан. Харин удаах хоёр үед серб эр олон хүчтэй давуулалтаараа оноо түүж, өрсөлдөгчөө 6:3, 7:5-аар буулган авав.

Энэ хэсэгт дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэтэй Чехийн Томаш Бердых, Францын Жо-Уильфред Цонга нарын тулааны ялагч мөн гурван үеийн тоглолтоор шийдэгдэж, чех эр өрсөлдөгчөө 7:5, 3:6, 6:1-ээр хожсон байна.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top