Ч.Цэвээнпүрэв тоглолтын өмнөх хэвлэлийн бага хуралд оролцлоо

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

Мэргэжлийн боксийн нэр хүндтэй холбоодын нэг IBO-ийн дэлхийн аваргын төлөө тулааныг хийх гэж буй Монголын боксчин Ч.Цэвээнпүрэв болон Д.Ёрдан нар өчигдөр тулаан болох Марина Бэй Сандсд сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Дэлхийн аварга болсноосоо хойшхи хамгийн анхны цолоо хамгаалах тулаанаа хийх гэж буй Д.Ёрдан хурлын үеэр “Миний өмнөх тулаан яг энд болсон учраас надад ээлтэй газар гэж би боддог. Чухам би энд цугларсан гайхалтай хөгжөөн дэмжигчдийн ачаар дэлхийн аварга цолыг хүртсэн. Би Цэвээнпүрэвтэй хийх тоглолтоороо ч үзэгчиддээ сайхан тулаан үзүүлнэ” гэв. Түүнчлэн өөрөөсөө 16 насаар ах Монгол боксчинг хугацаанаас нь өмнө ялахыг зорьж байгаагаа нуусангүй. Тэрбээр мэргэжлийн боксийн рингнээ 31 тулаан хийснээс 29 ялсан билээ. Тэр ялалтын 23-д нь нокоутаар өрсөлдөгчөө буулгаж авсан удаадтай. Харин Ч.Цэвээнпүрэвийн хувьд 41 настай ч 41 тулааныхаа 36-д нь ялсан. Үүнийхээ 24-ийг нь нокоутаар өрсөлдөгчөө сөхрүүлсэн.

Тэрбээр Индонез Улсын боксчинтой кареертаа хоёр дахь удаагаа тулалдах гэж байгаа нь энэ. Тодруулбал 1999 оны тавдугаар сарын 5-нд Булан Бугиарсо хэмээх боксчинд оноогоор ялагдаж байсан билээ.

Чой хэлэхдээ “Би түүнийг 12 настай жаахан хүүхэд байхад нь аль хэдийн мэргэжлийн боксчин болчихсон байлаа. Надад түүнийг хэрхэн хожих, хэрхэн унагаах хангалттай их туршлага, чадвар байна. Би ялалт байгуулна гэдэгтээ нэг ч хором эргэлзээгүй шүү” хэмээв.

У.Баяраа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top