Ахмад жүдочид эхний өдөр долоон медаль хүртлээ

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 09

АНУ-ын Флорида мужийн Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ өчигдөр эхэллээ. Дэлхийн 42 орны 425 ахмад жүдоч зодоглож буй тус тэмцээнд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй долоон жүдоч эх орноо төлөөлөн оролцож байгаа юм. Монголын цагаан өмсгөлтнүүд 2007 оноос хойш ахмадын ДАШТ-д хүч үзэж байгаа бөгөөд тэмцээний эхний өдөр нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртэж бахдам амжилтыг үзүүлээд байна. Эмэгтэйчүүдийн F3 ангиллын +78 кг-ын жинд ОУХМ Лэгдэнгийн Баярмаа алтан медаль хүртэж, Монголын улсын алтан соёмбот далбаагаа мандуулав. Тэрбээр Монголын эмэгтэй жүдочдоос ахмадын ДАШТ-ээс  алтан медаль хүртсэн анхны жүдоч боллоо. Л.Баярмаа Майамигийн татамид Германы Корнелиа Берг, нутаг нэгт Б.Болорцацрал, эзэн орны Ронда Моррелл-Пруитт, Канадын Челис Валлехо нарын бүх өрсөлдөгчөө цэвэр ялсан байна. Түүнчлэн эрэгтэйчүүдээс Н.Батсуурь M6 -66 кг-д, Г.Жалаа M7 +100 кг-д, Д.Лхагвасүрэн M8 +100 кг-д, эмэгтэйчүүдээс Р.Дэчинмаа F3 -70 кг-д тус бүр мөнгө, Н.Цэвэгмид F3 -70 кг-д хүрэл, Г.Мөнхзаяа F-2 -78 кг-д хүрэл медалиар энгэрээ мялаав. ДАШТ ням гаригт өндөрлөх бөгөөд манай зарим жүдоч өнөөдөр хуваарь ёсоор зодоглоно.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top