Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нарын шуугиан тарьсан мэдээллээс улбаалж Р.Нямдоржийг АТГ шалгахаар болжээ. Энэ сарын 7-нд "Ардын хувьсгалын 91 жилийн баяр наадмаар долоо давж, шөвгөрсөн Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харьяат улсын арслан Х.Мөнхбаатар, тав давж, начин цол хүртсэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат улсын начин Б.Сугаржаргал нар сэргээшийн төрлийн бэлдмэл хэрэглэсэн" гэж МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж албан ёсоор зарласан юм. Үүний хариуд нь улсын арслан Х.Мөнхбаатар “МҮБХ-ны тэргүүн Р.Нямдорж надад 70 сая төгрөг өгөхийг завдсан" гэсэн нь АТГ-ын хажуугаар өнгөрсөнгүй. АТГ-т бөхчүүдийн дунд явагддаг найрааг илчилсэн мэдүүлгийг Улсын арслан Х.Мөнхбаатар өгөхөөр болж буй гэнэ. Өмнө нь Монгол Улсын даян аварга А.Сүхбат бөхчүүдийн найрааны асуудлыг шалгуулахаар АТГ-т хандаж байсан билээ. Гэвч нотлох баримтгүй гэсэн үндэслэлээр үргэлжлүүлэн шалгах боломжгүйд хүрч байсан гэдэг. Ямартай ч МҮБХ-ын тэргүүн Р.Нямдорж, улсын арслан Х.Мөнхбаатар нар бөхчүүдийг ар араасаа АТГ дуудагдах суурийг тавив бололтой.
Г.Энхтуяа
Сэтгэгдэл ( 0 )