Мюррей Федерертэй өрсөлдөнө

Автор | Zindaa.mn
2012 оны 11 сарын 10

Английн нийслэл Лондонд талбайн теннисний шилдэг найман теннисчин өрсөлддөг “Barclays ATP World Tour Finals” тэмцээний “А” хэсгийн тоглолт өндөрлөлөө. Лондон хотын “О2 Arena”-д болж буй тэмцээний “А” хэсэгт дэлхийн тэргүүн теннисчин “Их дуулга”-ын таван удаагийн түрүүтэй Сербийн Новак Жокович хагас шигшээд өрсөлдөх эрхээ халааслаад байв. Тэгвэл серб эр өчигдөр хэсгийн сүүлийн тоглолтод дэлхийн чансааны зургаадугаарт эрэмбэтэй Чехийн Томаш Бердыхийг хоёр үеийн турш давамгайлснаар 100 хувийн амжилт үзүүллээ. Тэрбээр эхний үед илт давуу тоглож, 6:2-оор давамгайлсан. Харин хоёр дахь сет тун өрсөлдөөнтэй болж, тай-брект хүрсэн бөгөөд Жокович өрсөлдөгчөө 7:6-гаар буулган авав. Лондоны олимпийн аварга эзэн орны Энди Мюррей хэсгийн сүүлийн тулаанаа Францын Жо Вильфред Цонгатай хийж, 6:2, 7:6-аар ялалт байгуулж, хэсгээсээ хоёрдугаар байраар гарахаар боллоо. Ингэснээр тэрбээр хагас шигшээд Швейцарийн Рожер Федерертэй өрсөлдөнө.

Б.Бат

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top