АНУ-ын Флорида мужийн Майами хотод жүдо бөхийн ахмадын ДАШТ үргэлжилж байна. Энэ удаагийн тэмцээнд манай улсаас эрэгтэй 15, эмэгтэй долоон жүдоч эх орноо төлөөлөн оролцож байгаа бөгөөд эхний өдөр Монголын жүдочид нэг алт, дөрвөн мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ. Тэгвэл өчигдөр хоёр дахь өдөр хоёр алт, нэг хүрэл медаль хүртсэн байна. Эрэгтэйчүүдийн М1 ангиллын 81 кг-ын жинд ОУХМ О.Болд-Эрдэнэ АНУ, ОХУ, Чехийн жүдочдыг ялж, алтан медаль хүртсэн бол тус ангиллын 90 кг-ын жинд Афин, Бээжингийн олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан ОУХМ Г.Дашдаваа жиндээ түрүүлж, Монгол Улсын алтан соёмбот далбаа Майамигийн тэнгэрт хоёронтоо мандлаа. Г.Дашдаваа ОХУ-ын Григорий Омелченко, Францын Тангуй Поуллеветийг тус бүр цэвэр ялж, алтан медалийн төлөө Азербайжаны Расул Салимовийг вазари үнэлгээгээр сөхрүүлсэн байна.
Түүнчлэн М3 ангиллын 90 кг-ын жинд 2009 оны ахмадын дэлхийн аварга “Алдар” спорт хорооны тамирчин ОУХМ Д.Батсайхан хүрэл медалийн болзол хангажээ. Тэрбээр Франц, Словакийн жүдочдыг цэвэр ялж, хагас шигшээд эзэн орны Мах Омагбалувахед ялагдсан. Харин хүрэл медалийн төлөөх барилдаанд Полинесиа улсын Тьерри Витиеллиг иппон үнэлгээгээр ялжээ.
Б.Бат
Сэтгэгдэл ( 0 )