Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг боллоо

2018 оны 03 сарын 05

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран зохион байгуулсан Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаархи уулзалт, хэлэлцүүлэг Хууль сахиулахын их сургууль дээр хоёр өдөр болж өндөрлөлөө.  Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар хэлсэн үгэндээ Эрүүгийн хууль тогтоомжуудын хэрэгжилт амьдрал дээр ямар байна. Эдгээр хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэхэд ямар хүндрэлүүд үүсэв, ямар асуудлууд дээр хууль, шүүхийн байгууллагууд нэг мөр ойлголтод хүрэх ёстойг ярилцахад хэлэлцүүлгийн зорилго оршиж байна гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Энхбаяр "Эрүүгийн хууль хэрэгжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хууль дөрвөн үндсэн бодлого, үзэл баримтлалын хүрээнд батлагдсан. Хууль батлагдсаны дараа энэхүү үзэл баримтлалууд ямар үзүүлэлттэй байгааг тодорхой хугацааны дараа үзэхэд, нэлээд хэдэн төрлийн эерэг үр дүнгүүд гарсан.Жишээ нь, 2016 онд 20 гаруй мянган хэрэг прокурорын шатанд хэрэгсэхгүй болж байсан бол өнөөдөр бүх хэрэг шүүхээр хэлэлцэгдэж, шүүхийн шатанд зөв буруу нь тогтоогддог  болсон. Мөн аливаа хэргийг түтгэлзүүлж, шалгахгүй орхидог асуудал таслан зогсоогдсон. Тухайлбал, 2016 онд 10 мянга гаруй хэргийг түтгэлзүүлсэн бол 2017 онд ердөө 77 хэргийг түтгэлзүүлсэн байна. Энэ нь хэргийг түтгэлзүүлж дардаг асуудал байхгүй болсныг илтгэж байгаа юм. 2015 оны Эрүүгийн хуулийн хувьд дэвшилтэт зүйл олон байгаа боловч уламжлалт эрхзүйн онолыг хэт үгүйсгэж, өөр соёл, ахуйтай гадаад орнуудын эрхзүйн онол, практикийг хуулбарлаж, гэмт хэргийн ангилал, шалгуурыг үндэслэлгүй хуульчилсан нь хэрэгжүүлэх явцад бэрхшээл үүсгэж байгааг судлаачид онцолж байв.Ийнхүү хоёр өдрийн турш хэлэлцэгчид Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль тус бүрээр ажил хэрэгч саналууд, зайлшгүй нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай асуудлуудыг нэгтгэн, зөвлөмж гаргаж, Хууль зүйн байнгын хороо, Засгийн газарт хүргүүлэхээр боллоо. Холбогдох газрууд зөвлөмжид үндэслэн Эрүүгийн хууль, тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулж, 2018 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх юм байна.

 Хэлэлцүүлэгт Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль сахиулахын их сургууль, Монголын хуульчдын холбоо зэрэг нийслэл, орон нутгийн хуулийн байгууллагуудын 400 орчим төлөөлөл оролцлоо.

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.44.85) 2018 оны 03 сарын 05

Хуульчид маань залилангийн , авилгалын аргаар хууль бусаар баяжсан хүмүүсийг АТГ хөрөнгийг нь хурааж болохгүй 2015 оны эрүүгийн хуулиар хууль бус орлогоор олсон хөрөнгийг нь хураахыг хориглосон заалт бна гэж мэдэгдсэнэ энэ талаар нэгч ам нээдэггүй нь хачин бна. Тэд үүнийг зөвшөөрч дэмжиж бна гэж үзэх үү. Сүүлийн үед хууль бусаар их хэмжээний хөрөнгө завшигчидын хэрэг шил шилээн дагаад Монгол улсын түүхэнд байгаагүй их мөнгөний луйвар яригдах боллоо энэ асуудал тэдний сэтгэлийг хөдлөгсөнгүй яа ийм л хуульчидтай бна даа.

0  |  0
Top