1500 малчин өрх тус бүрт 240 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 05

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай, “цагаанаар зудархуу” байгаа долоон  аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна.

Энэхүү ажлын хүрээнд Үндэсний нийгэмлэгийн гамшигтай тэмцэх багийн гишүүд 2018 оны 2-дугаар сарын 26-наас Төв, Архангай, Баянхонгор, Дархан-Уул, Өмнөговь, Дорноговь, Увс аймагт ажиллажээ.   Энэ үеэр дунд шатны  хороодын үйл ажиллагаатай танилцаж, хорооны ажилтнууд болон сайн дурын идэвхтнүүд, тусламжид хамрагдаж буй сумдын удирдлага,  малчдын төлөөлөлтэй уулзаж ярилцан тусламжийн үйл ажиллагааны талаар зөв мэдээлэл өгөх, мөн тусламжийн үйл ажиллагаа зохион байгуулахад анхаарах зүйлсийн талаар арга зүйн сургалт, зөвлөмжүүдийг өгчээ.   Монголын улаан загалмай нийгэмлэг нь 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх, 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх, 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 16-аас доош насны 5-аас дээш хүүхэдтэй гэр бүлд хүмүүнлэгийн тусламж болох бэлэн мөнгө, хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багцыг хүргүүлэх юм. Энэ удаагийн хүмүүнлэг тусламжаар Архангай, Төв, Увс аймгийн 15 cумын 1500 өрх тус бүрт 240000 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц олгогдох юм. 

 
 

А.Эрдэнэ

www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top