Богдын улаан ордон намын сургууль болж хувирсан гунигт түүх

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 06

Хайстайн лаврин буюу Улаан ордон нь Богдын мэдлийн хамгийн сүүлд баригдсан ордон юм. 1902 онд VIII Богд Жавзандамба хутагт Өндөр гэгээний шарилд мөргөхөөр Бээжинд удаа дараа хүсэлт тавьсны учир амьдралдаа анхны бөгөөд сүүлчийн удаа Хүрээнээс гарсан юм. Энэхүү аяллын дараа Цагаан дара хэмээн өргөмжлөгдсөн эгэл жирийн монгол бүсгүйтэй ханилах болов.

Үүнээс урьд Богд Ногоон ордон буюу Шэйравпэлжээлин дугандаа яр хайлан буюу Зуны оршил хэмээх зан үйлийг монголыг даасан Шавилан хийдийн 16 батад агч буюу 16 дияанч ламын хамт зуны эхэн сарын шинийн нэгнээс зуны дунд сарын 15 хүртэл 45 хоног хөл хорин суудаг байжээ. Энэ нь Бурхан багшийн үеэс лам хуврагууд амьтан ургамлын урган төлжих цагт, хөл хөсөөнөөр хорхой шавьж, навч намаа, цэцэг жимс тэргүүтнийг гэмтээхгүйн тулд хөл хорьж, бясалгал бүтээл үйлддэг уламжлалт зан үйл байжээ.

Харин зуны сүүлчийн 45 хоног буюу зуны дунд сарын 15-аас намрын эхэн сарын шинийн нэг хүртэл цам, майдар эргэх зан үйлд оролддог байв.

Дээр үед Богд уулын зүүн сугаар Их хүрээнд нэвтрэхэд хоёр олмоор Туул голыг гаталдаг байжээ. Нэг нь Амгалан буюу Манжийн хүрээний урдхан байдаг Салаа олом. Нөгөөх нь өнөөгийн Маршалын гүүрний орчимд хайрга дайрга ихтэй Цагаан олом. Энэхүү Цагаан оломд ойр газар Хайстайн лавринг байгуулжээ. Яагаад байгуулах болов гэвэл :
Нэгд, газрын шинжээр Э бам гачил буюу эр эм хоёр загас нар зөв эргэсэн бэлгэ шинж төгс бүрджээ. Хоёрт, одоогийн Оргил рашаан бол арилсан орны шинж тэмдгийн нэг буюу дагшин орны бэлгэ байжээ. Гуравт, энэ газарт Бодь мод ургасан хэмээн үздэг байжээ. Энэхүү бодь мод хожмоо Намын сургууль байгуулсан хойно ч хүмүүс ирж, адис авч, хадаг уядаг байсан тул хөрөөдөж унагасан хэмээн хүрээний хуучцуул хэлдэг.

Ийм гурван үндэслэлээр барьсан төдийгүй Эвамгачиллин хэмээн нэрлэж байсан нь Богдын хөрөнгө хураалтын данс хараанд тэмдэглэгдэн үлджээ.

Энэхүү ордонг Улаан өнгөөр бэлгэдэн бүтээсний учир бол Эрхэнд хураахын зан үйл хэмээх нэгэн чухал үйлийг бүтээх зорилготой байжээ. Энэхүү зорилго нь ганц Богд хааны үед ч төдийгүй өнөө хүртэл улбаа нь тасраагүй байна. Энэ бол Боловсон хүчний дээд сургууль, Намын дээд сургууль, Удирдлагын академи нэрээр явж ирсэн энэхүү сургууль номын голомт нь чухамдаа Богдын Улаан ордон байлаа.

Энэхүү ордонд ирж байсан жуулчдын тэмдэглэл маш олон. Угтаа Богд хааны Улаан ордон бол анхны зоопарк төдийгүй байгалийн түүхийн музей байлаа. Энд буга, чоно, нохой төдийгүй Богдын заан байдаг байлаа. Өнөөдөр Богд хааны ордон музейд хадгалагдаж буй амьтдын чихмэлүүд ч энэ ордонд байлаа. Тэр бүү хэл хожим Бөмбөгөр ногоонд хураагдан шилжсэн төгөлдөр хуур ч энэ л ордонд байжээ. Анхны бягтруул, мебель тавилга, гоо сайнхы хэрэгслүүд чухам энэ ордонд байжээ. Монголд удаан амьдарсан Ларсон гүн Туул голоор сал урсаж, түүн дээр Шанхай болон Европоос Богд хаан болоод Эх дагинийн захиалсан чамин тансаг бараанууд ирж, сонирхлоо буухаар, цонхоороо шидчихдэг байсан тухай хачирхан бичдэг.

Улаан ордон нэг онцлогтой. Уран зургууд нь мартан буюу улаан шороон дэлгэмэл зургуудтай. Хана нь улаан, хивс нь улаан. Бүх юм нь улаан өнгөтэй байжээ. Энэхүү ордонд Богд хааны номын багш хамт суух бөгөөд нэгэн цагт Хубилай хааны багш байсан Пагва ламын тухай ном бичсэн нь түүний сүмбэмд хадгалагдаж үлджээ. Харин Богд хаан номын багшдаа зориулан Пагва ламын маш уран тансан улаан шороон будгийн дэлгэмэл зураг бүтээлгэсэн нь өдгөө Дүрслэх урлагийн музейд хадгалагдаж байна. Мөн энд танд үзүүлж буй Замбал бурхны эцэг эх эндүүлэгч хүрдний дүр бол Монгол түмний аз амны хишиг олз, олборын төлөө нарийн нууц тарнийн бясалгал хийлгэхийн тухай номын багшаас Богд хаан болоод Дондүвлхамо (Дондогдулам хэмээх нэршил бол алдаатай. Яг албан ёсны баримт дээр Дондүвлхам буюу Тус бүтээгч охин тэнгэр. Очирдара бурхны хамтатгагч эх хэмээн нэрлэсэн байдаг) хатан хоёрт зориулан бүтээсэн Улаан ордны гол шүтээн юм. Өнөө хир Монголын музейнүүд болоод урлаг соёлдоо элэгтэй хувийн цуглуулагчдын гар дээр Богд хааны Улаан ордонд зориулан бүтээсэн, тахиж тавиглагдаж, шүтэж биширч байсан 20 гаруй бүтээл үлджээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top