Говьсүмбэр аймгийн “Боржигон” чуулгад өнөөдөр /2019.01.05/ 36 дахь удаагийн “Болор цом” наадам болж байна. Zindaa.mn сайтын сурвалжлах баг уншигч, үзэгч та бүхэндээ өнөөдрийн турш “Болор цом-36” наадмын тухай мэдээ, мэдээллийг бэлтгэн хүргэж, Zindaa.mn фэйж хуудсаараа шууд дамжуулж байгаа билээ. “Болор цом” наадамд 36 яруу найрагч шүлгээ дуудсан бөгөөд энэ цаг мөчид гуравдугаар шатанд шүлэг найргаа унших 18 яруу найрагчийн нэрс тодорлоо.
Гуравдугаар шатанд тунаж үлдсэн 18 яруу найрагчийн нэрсийг танилцуулъя.
"Болор цом-36" наадмыг нээж Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Монголын зохиолчдын эвлэлийн дарга, Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав нар үг хэлсэн. Монголын Зохиолчдын эвлэлийн түүхт 90 жилийн ой тохиож буйтай холбогдуулан энэ удаагийн наадмыг "Болор цом"-ын эзэн яруу найрагч, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэгийн ажлын албанаас дэмжин ажиллаж байгаа юм.
Эгшиглэнт эхийн хишигт яруу найрагчийг тодруулах “Болор цом-36”-д нийт 140 уран бүтээлч шүлгээ ирүүлснээс 27 найрагчийн нэрс тодорсон бөгөөд 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналтан байна. Үүн дээр нэмэгдэн Монгол туургатны зочин зохиолчид, “Болор цом”-ын эзэд, Говьсүмбэр аймаг дахь МЗЭ-ийн салбар зөвлөлийн төлөөлөл урилгаар оролцох бөгөөд энэ жилийн наадамд Халимаг, Тува, Буриад, Өвөр Монголоос яруу найрагчид мөн хүрэлцэн ирснээр нийт 36 найрагч өнөөдөр шүлгээ уралдуулж байна.
ХОЛБООТОЙ МЭДЭЭ
Өнөөдөр шүлгээ дуудаж буй найрагчдын 17 нь Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч бол зургаа нь "Болор цом"-ын дэд, тэргүүн байрыг эзэлж байсан яруу найрагчид байгаа юм. Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, Төрийн шагналт яруу найрагч Дэндэвийн Пүрэвдорж агсан “Хүн төрөлхтөнд өргөх үг” шүлгээрээ анхны “Болор цом” наадмын тэргүүн шагналыг авч байсан цагаас хойш 36 жил өнгөрчээ. Өдгөө Монголын зохиолчдын эвлэлийн байгууллага гал голомтоо бадраасны 90 насны ойн хүрээнд отгон “Болор цом” наадмыг зохион байгуулж буйгаараа онцлог юм.
Уншигч үзэгч, найрагчдыг холбодог томоохон найргийн баярын нэг “Болор цом” наадамд Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн, Д.Цоодол нар тус бүр гурван удаа түрүүлсэн бол Ц.Чимэдорж, Ц.Хулан нар тус бүр хоёр удаа хүртсэн байдаг.
Г.Энх-Уянга
Гэрэл зургийг Д.Амаржаргал
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )