Өмнөговь аймагт тоосжилтоос болж 50 тэрбум төгрөгийн хохирол учирчээ

Админ | Zindaa.mn
2013 оны 02 сарын 08

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт улсын чанартай Даланзадгад-Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн автозамын трассыг Дэд бүтцийн Сайд (хуучин нэрээр)-ын 1997 оны тушаалаар, Тавантолгой-Оюу Толгой-Гашуун Сухайт чиглэлийн автозамаар нүүрс тээвэрлэх замын трасс тогтоох асуудлыг 2005, 2007 онуудад Зам тээвэр, аялал жуулчлалын Сайд (хуучин нэрээр)-ын тушаалаар тус тус шийдвэрлэсэн байна.

Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн 257 км сайжруулсан шороон замыг 2005 оны 08 дугаар сарын 15-наас 2005 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл зураг төсөлгүйгээр барьж дуусган “Пүүшин Мон” ХХК дангаараа тээвэрлэлт хийж байсан байна. Харин 2005 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Тавантолгой Транс” ХХК, 2006 оны 07 дугаар сарын 17-ны өдөр “Ориент Энержи” ХХК нь “Тавантолгой” ХК-тай нүүрс худалдан авах гэрээ хийснээр гурван компанийн хүнд даацын машинууд дээрх замаар нүүрс тээвэрлэлтийн ажил хийж эхэлжээ. 2011 оны мэдээгээр хоногт дунджаар 4500 машин, оргил үедээ 6000 хүртэл машин нүүрс тээвэрлэлт хийдэг гэсэн судалгааг гаргасан байдаг. Тавантолгой-Гашуун Сухайт чиглэлийн замын ашиглалтаас үүдэн байгаль орчинд учруулсан хохирлыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын 2010 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А-156 дугаар тушаалаар баталсан “Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын дагуу тооцоход нийт 50314532.4 мян.төг байна.

Мөн замын дагуу эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийн ажлын зардлыг Байгаль орчин, аялал жуулчлалын Сайд, Эрдэс баялаг, эрчим хүчний Сайдын 2010 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн А-132/112 дугаар хамтарсан тушаалаар баталсан аргачлалын дагуу тооцсоноор техникийн нөхөн сэргээлтийн ажлыг гүйцэтгэхэд 3799.8 сая.төг, биологийн нөхөн сэргээлтийн ажилд 1681.6 сая.төг шаардлагатай байна. Нөхөн сэргээлтийн ажлын хүрээнд хөрөнгө оруулалтын зардал (нөхөн сэргээлт хийхэд шаардлагатай техник, тоног төхөөрөмж худалдан авах г.м), нөхөн сэргээлтийн төсөл, төлөвлөгөө боловсруулах зардал, судалгаа шинжилгээ хийх, нөхөн сэргээлтийн дараахь хяналт-мониторингийн зардал зэргийг оролцуулан тооцвол нөхөн сэргээлтийн нийт зардал 7361.1 сая.төг болж байна.

2010-2010 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх Өмнөговь аймгийн хэмжээнд нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагуудтай уулзалт хийж, нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зөвхөн хатуу хучилттай авто замаар явуулж байх шаардлагыг тавьж, “Энержи ресурс” ХХК хатуу хучилттай зам барих ажлыг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн байна.

О.Сондор

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top