Б.Бат-Эрдэнэ аваргын ”Урт нэртэй” хууль 10 тэрбумаар үнэлэгдлээ

Автор | Zindaa.mn
2011 оны 04 сарын 25

Монголын алтыг хуулийн цоорхойгоор далимдуулан "дээрэмдсэн" нэрээ цэвэрлэх гэсэн үү, ямартай ч “Бороо Гоулд” ХХК нийслэлчүүдэд орчин үеийн төрөх эмнэлэг барьж өгөхөө амлалаа. Өнгөрсөн баасан гарагт Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, “Бороо гоулд” ХХК-ийн Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жон Казакофф нар Нэгдүгээр амаржих газрын өргөтгөлийн барилгыг барих гэрээнд гарын үсэг зурсан юм. Энэхүү гэрээ ёсоор 10 тэрбум төгрөгийн өртөгтэй 150 ортой, орчин үеийн стандартад нийцсэн амаржих газрыг "Бороо гоулд" барих ажээ. "Бороо гоулд"-ын толгой компани болох “Сентерра гоулд” компани Сэлэнгэд Бороогоос том алтны ордыг эзэмшиж, олборлолт явуулахаар улс төрчдийг лоббидож байгаа үед энэхүү үйл явдал давхцаж байгаа нь нэг юм хэлээд байна.

Бороо гоулдын захирал, ноён Жон "“Бороо гоулд” нь Монгол Улсад аюулгүй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө ажилладаг. Хариуцлагатай уул уурхайн үндсэн зарчмуудын нэг нь тухайн улс орны иргэдэд үр өгөөжтэй, хөгжилд нь ихээхэн ач холбогдолтой хөрөнгө оруулалт хийх явдал юм. Энэхүү хөрөнгө оруулалт ирээдүйд Монголын хөгжлийг авч явах бяцхан үрс рүү чиглэж байгаад баяртай байна. Бидний хийсэн хөрөнгө оруулалт бяцхан үрсийг энэ хорвоод эсэн мэнд мэндлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэж байна” гэсэн бол Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэхүү бэлгэнд асар их баярласнаа малийтал инээж илэрхийлэв.

Энэхүү бэлгийг арай гүнзгийрүүлж харвал хөл алдаж баярлаад байхаар зүйл огтхон ч биш юм. "Бороо гоулд" ХХК-ийн улс төрчдийг лоббидож, хуулийн цоорхойгоор "цөлмөсөн" хэдэн зуун тэрбум төгрөгөөр иймэрхүү эмнэлэг хэдэн зуугаар нь барих боломжтой байлаа. Харин одоогийн бэлэглэж байгаа төрөх газар бол "Гацуурт" компанитай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа Сэлэнгийн алтны ордыг ашиглах лоббигоо тус компани ил тод явуулж эхэлснийг илчилж байна. Б.Бат-Эрдэнэ аваргын "Урт нэртэй" хуулийг устгахын тулд 10 тэрбум төгрөг ил хаяж байгаа Бороогийнхон далдуур хичнээн тэрбумыг улс төрчдийн хармаанд цутгаж байгааг даанч таашгүй байна.

Ө.Мэргэндүү. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top