МЗХ-ны ерөнхийлөгч А.Мөнхбат болон гүйцэтгэх хорооны гишүүд өчигдөр Увс аймагт залуучуудын чуулга уулзалтаа зохион байгууллаа. Энэхүү чуулганд 17 сумдаас ирсэн 160 гаруй залуучууд өмнө нь тулгамдаж байгаа нийгмийн асуудал, цаашид орон нутагтаа хийх бүтээн байгуулалтын талаар санал бодлоо солилцон, нэн тэргүүнд шийдвэрлэх ёстой асуудлуудыг ярилцсан байна. Чуулга уулзалтын үеэр тус аймгийн Засаг дарга Ц.Цэндсүрэн ирэх жилээс эхлэн Улаангом хотыг дахин төлөвлөхөөр төсөвлөгдсөн, 60 мегабайтын цахилгаан станц барих, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, газар тариаланг хөгжүүлж, хүнсний ногоогоор органик бүтээгдэхүүн гаргах, барилгын материалын болон махны үйлдвэр барихаар төлөвлөж байгаагаа танилцуулжээ.
Мөн залуучууд, гэр бүл, эрүүл мэнд, боловсрол, ажлын байр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлсэн бөгөөд Увс аймагт тулгамдаж буй асуудал бол зарим сумдад 14 төрийн албан хаагчдын 11 нь ах дүү байдаг нь хэвийн үзэгдэл болсон явдал гэдгийг хурцаар шүүмжилсэн байна. Тиймээс асуудлуудыг шийдэхийн тулд Увс аймагт иргэний танхимд хэлэлцүүлэгдээгүй нэг ч асуудлыг Засаг дарга, ИТХ шийдэж болохгүй гэдгийг залуучууд хатуу сануулжээ. МЗХ-ныхон өнөөдөр төрийн байгууллагуудад залуучуудын зөвлөл байгуулах, ахмадуудын чуулганыг хийх, “Авлигын эсрэг би авахгүй, би өгөхгүй” аяныг өрнүүлэх гэнэ.
Сэтгэгдэл ( 1 )
Аль нэг нам эвсэлд худалдагдаагүй худлаа улс төр хийгээгүй бол монголын бүх залуучууд орон нутгаа өөд татах хэлэх биш хийж ажиллах цаг нь болсон доо