Дорнодын сум бүрт Б.Бат-Эрдэнийг дэмжих хөдөлгөөн байгуулагджээ

Автор | Zindaa.mn
2013 оны 05 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Монгол Ардын Намаас нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ эх орноо нар зөв тойрч байна. Төрөлх нутаг хан Хэнтийгээсээ сонгуулийн сурталчилгаагаа эхэлсэн тэрээр өчигдөр Чойбалсан хотын иргэдтэй уулзлаа.

Монгол дайчдын хөшөөнд цэцэг өргөснөөр гараагаа эхэлсэн түүнийг тус нутгийн иргэд халуун дотноор хүлээн авсан юм. Сонирхуулахад, нэр дэвшигчийг энэ нутагт ирэхээс өмнө сум бүрт Б.Бат-Эрдэнийг дэмжих сайн дурын нэгдэл байгуулагджээ.

Нэр дэвшигчийг тус аймагт очих үеэр иргэд хаан сонголтоо эрх баригчдад дээрэмдүүлсэндээ одоо хүртэл сэтгэл дундуур явдгаа нуугаагүй юм. Учир нь аймгийн иргэдийн орон нутгийн сонгуулиар хийсэн сонголтыг нь хүлээн зөвшөөрөөгүй төдийгүй Засаг даргыг нь Ерөнхий сайд батламжлаагүй байгаа билээ.

Тийм учраас Дашбалбар сумын иргэн Д.Батболд “Иргэдийнхээ сонголтыг үнэгүйдүүлдэггүй, залуу хойч үеэсээ төрөөс олгосон орон сууцыг нь булаан авч гудамжинд гаргадаггүй төртэй байхыг л хүсч байна. Тийм болохоор жудагтай, нэр цэвэр энэ хүнийг манай нутгийн залуус сонгоно” гэж байлаа.

Түүнчлэн иргэн Д.Долгормаа “Олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эхэд олгодог мөнгөн тэтгэмжийг заавал нэмэгдүүлж өгөөрэй” хэмээн нэр дэвшигчид аминчлан захилаа. Мөн энэ удаагийн Засгийн газрыг цалин нэмэхгүй гэсэн шийдвэр гаргасан гэдэгт одоог хүртэл эргэлзэж байгаагаа иргэд ээлж дараалан хэлж байв. Үүнээс гадна олон иргэн сонгууль шударга болоосой, Сонгуулийн ерөнхий хороо дахин битгий будлиан хутгаасай хэмээн бодож явдгаа хэлж байсан.

 

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнийн хувьд “Би элдэв гүтгэлэг тараахгүй, монгол хүний жудаг гарган шударга сонгууль явуулъя гэж бусад нэр дэвшигчдээ уриалсан. Хойч үедээ үлгэр жишээ болохуйц шударга сонгууль явуулахыг хүсч байна” гэж байлаа.

Нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ аймгийн иргэдтэй уулзалт хийгээд зогсохгүй зарим аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ үеэр засгийн эрх баригчдын хоосон яриа бус бодит дэмжлэг хэрэгтэй байгааг иргэд хэлээд төрийн дарамт шахалт бага байгаасай гэж байв. Оюутан залуусын төлөөлөл ч “Та Монгол Улсын Ерөнхийлөгч болбол оюутанд олгодог 70 мянган төгрөг үргэлжлэх үү?” гэж асуусан. Үнэндээ Засгийн газар, Монгол төрийн тэргүүн солигдохоор өмнөх засгийн хийсэн ажлыг үндсээр нь буруутгадаг хэв шинж манай нийгэмд нэвт шингэсэн нь ганц энэ асуултаас илэрхий харагдах биз ээ. Харин энэ асуултад нэр дэвшигч Б.Бат-Эрдэнэ “Оюутан залуу үеэ үүнээс ч илүү дэмжмээр байгаа юм. Жил бүр оюутан залуусыг үнэ төлбөргүй гадаадад боловсрол эзэмшүүлэх бодлогыг дэмжиж явдаг. Оюутанд сар бүр олгож буй 70 мянган төгрөг цаашид үргэлжилнэ. Энэ санал, санаачилгыг УИХ-аар хэлэлцэх үед манай намын бүлэг 100 хувь дэмжсэн” хэмээн хариулсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд анх удаа хуульч мэргэжилтэй хүн нэр дэвшиж буйд иргэд талархалтай хандаж буйгаа илэрхийлж байлаа. Монгол төрийн тэргүүн гэдэг хууль санаачлах бүрэн эрхтэй байдгаас гадна хуулийн хэрэгжилтэд хяналт тавих онцгой эрхтэй учраас ийн хэлсэн байх.
Түүнчлэн хуучнаар Сэцэн хан аймаг буюу одоо бидний нэрлэж заншсанаар зүүн гурван аймгаас Ерөнхийлөгчийн сонгуульд өмнө нь хэн ч нэр дэвшиж байгаагүй гэнэ. Ийм учраас тэд энэхүү үйл явдлыг бэлгэшээж байна хэмээн өгүүлсэн. Тэрээр Хөлөнбуйр, Булган сумын иргэдтэй уулзаж, тэдний санаа бодлыг сонссон юм.

Зүүн бүсийн “Шүр” худалдааны төвд худалдаа эрхлэгч н.Мөнхтуяа бизнесийн төсөл хөтөлбөр, зээлд хамрагдах боломж жирийн худалдаачинд байдаггүй. Арилжааны банкнаас зээл авах гэхээр хүү өндөр, барьцаа хөрөнгө нэхдэг нь хүндрэлтэй байдаг тухай учирлаж байв.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(119.40.98.42) 2013 оны 05 сарын 27

амжилт хүсьеь Дэмжиж байна.

0  |  0
zochin(122.201.18.7) 2013 оны 05 сарын 27

demjij bna

0  |  0
Top