Анхны Ерөнхийлөгч П.Очирбатын үеэс хэрэгжиж эхэлсэн “Алт” хөтөлбөр гадаад дотоодын олон хүний шуналыг хөдөлгөжээ. Одоо Монголын хамаг алт харийнхны гарын салаагаар урсаж байна. Цөөн хэдэн үндэсний компани, ченж хэмээх амиа золиослогчдыг эс тооцвол шүү дээ. Төр засгийн томчуудаас алтаар гараа угаагаагүй хүн бараг байхгүй байх. Тэдний нэг нь Ерөнхий сайд Сү.Батболд. Түүний нэр Бороо, Гацууртын алтны ордтой салшгүй холбоотой. Социализмын үеэс Германы геологичдын хүчээр хайгуулыг нь хийлгэсэн Бороогийн хөндий түүний анхаарлыг гойд татсан түүхтэй. Тэнд 1992-1995 онд Америкийн “Моррисон Кнудсон” гэдэг компани алтны орд газар ашиглаж байгаад үр ашиг муутай гээд лицензийг нь буцаагаад өгчихсөн байлаа. Тэдний мэдээлснээр бол тухайн үед үндсэн орд нь тонн тутамдаа дөнгөж 1,7 грамм алт өгч байжээ. Гэхдээ Сү.Батболд үүнд итгээгүй. Тэгээд ч хөрөнгө оруулагч олдох найдвар цухалзаад байсан тул Бороогийн алтны ордыг авчээ. Ингээд Австралийн “Портлэнд хаус” компанитай холбогдсон гэдэг. Эхний удаа цаадуул нь 3 сая ам.доллар гарган хувьцаа эзэмшихийг зөвшөөрсөн байна. Мөн шинэхэн түншүүд нь Канадын “Кэмико” гэдэг компанид зуучилж өгсөн юм. “Кэмико” нь дэлхийд уран олдворлолтоор тэргүүлдэг том компани. Тэгэхэд тус компани Киргизид 22 тонн алтны нөөцтэй ордыг ашиглаж байв. Ингээд тэд гэрээ ёсоор “Бороо гоулд”-ыг байгуулалцаж эхэлжээ. Бороогийн орд нь Монголдоо томоохонд тооцогдох, боломжийн нөөцтэйг манай инженерүүд сайн мэдэж байсан юм. Сү.Батболд энэ ордыг өөрийн нэрээр хэсэг хугацаанд ашиглан овоо их олз атгасан гэнэ лээ. Уг нь улсын төсвөөр нөөцийг нь тогтоосон болохоор жил бүр хоёр тонн орчим алт авч, 20-иод жил ашиглах тооцоотой байсан юм. 1998 онд Сангийн сайд асан Б.Батбаяртай /Баабар/ үгсэн тохирч, тогтвортой байдлын гэрээ гэгчийг байгуулсан нь цоорхой ихтэй, жигтэйхэн юм болсон доо. Тухайн үед Засгийн эрхийг Ардчилсан холбоо эвслийнхэн барьж байлаа. Тэд эрх зүйн орчноо бүрдүүлж чадаагүй байж уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татна гэж хийрхэцгээсний нэг жишээ энэ юм. Баабарын гараар баталгаажсан тэрхүү тогтвортой байдлын гэрээгээр “Бороо гоулд” эхний 5 жилдээ татвараас 100 хувь, дараагийн 5 жилд нь 50 хувиар чөлөөлөгдсөн байв. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагч компани хамаг алтыг маань цөлмөөд гарч явах бүрэн боломжийг нээж өгсөн хэрэг байлаа. Тиймээс Бороогийн 43 тонн алтыг татваргүйгээр тавхан жилийн дотор Канад руу гаргаж амжсан байв. Борлуулалтын дүнгээр нь манай зарим судлаачид 850 тэрбум орчим төгрөг, үүнээс улсын төсөвт дөнгөж 100 тэрбум төгрөг үлджээ гэсэн байдаг. 2003 оноос тус ордод олдворлолт эрчимтэй явагдсан бөгөөд 2010 он хүртэл 49560 кг алт авч, 595.284 мянган ам.долларын ашиг олжээ. Аж ахуйн нэгжийн албан татвар төлдөггүй байсан үедээ 122 тэрбум 851 сая ам.долларын ашигтай ажилласан байв. Харин татвар төлөх ёстой 2007 онд гэхэд 8000 кг алт олдворлож, нэг унци алтаа 700 орчим доллароор борлуулан 178 тэрбум төгрөг олжээ. 2010 онд 3455 кг алт олдворлож, 65200 мянган ам.долларын ашиг хуримтлуулсан гэдэг. Ийм ашигтай ордыг Сү.Батболд 25 сая доллароор харийнханд худалдсан гэх нь тун эргэлзээтэй байгаа юм. Одоо энэ ордыг Жон Казакофф гэдэг канад эр эзэмшихийн хажуугаар дэргэд нь байгаа Гацууртын ордыг ч эзэгнэж байна. Түүний “Сентерра гоулд Монголиа” компанийн ашиглалтын талбай одоо “Урт” нэртэй хуулийн заалтад хамаараад байгаа юм. Гацууртын орд Бороогоос илүү их нөөцтэй гэдэг. Тиймээс энэ канад эр алтыг нь Бороогийнх шиг цөлмөхийн тулд юу ч хийхээс буцахаа больжээ. Манай эрүүл мэндийн салбарын ядуу зүдүүг мэддэг болохоор шинэ эмнэлэг барихад зориулж 50 тэрбум төгрөг өгсөн гэнэ. Үүнийг нь далдуур зөөсөн алт, цианитаар хордуулсан байгаль орчны хохиролтой харьцуулахад юу ч биш. Иймхэн юмаар хуураад Гацууртын лицензийг мань хүн өөртөө хэвээр авч үлдэх гэж байна. Ингэхийн тулд бас “Би танай тэр “урт” нэртэй хуулийг хүчингүй болгуулах талаар дарга нартай чинь ярьж байгаа” гэлээ. Энэ нь лобби нэртэй хахууль юм. Тэрээр Ерөнхий сайд Сү.Батболдтой найз учраас ийнхүү их бардам дуугарч байгаа аж. “Урт” нэртэй хууль гэхээр уншигчид мэдэх биз. Монголын түүхэнд анх удаа байгаль орчинд ээлтэй, голын урсац, ай сав, нууруудын дэргэд хайгуул, олдворлолт хийхийг хориглосон хатуу заалттай хууль шүү дээ. Уг хуулиар “Сентерра гоулд Монголиа” мэтийн зөрчилтэй компаниудын лизензийг цуцалж, нөхөн төлбөрийг нь олгох учиртай юм. Гэтэл Жон Казакофф манай дарга нарыг хахуульдаад хуулийн заалтыг өөрт ашигтайгаар өөрчлүүлэх гэж байна. Лоббид өртөж, хахуулиас нь хүртээд хуулийг өөрчлөхөөр харайж яваа УИХ-ын цөөн хэдэн гишүүдийн нэг нь Я.Батсуурь ажээ. Тэрээр Сү.Батболд, Жон Казакофф нарын заавар, захиалгаар ажилладаг нь илт боллоо. “Урт” нэртэй хуулийг Гацуурт зэрэг гадаадын компаниудын эрх ашигт нийцүүлэн засварлахын тулд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр янз бүрийн Пи Ар хийж байна. Эмнэлэг барьж байгуулахад “Сентерра гоулд Монголиа” халуун гараа сунгалаа л гэнэ. Гацууртын алтыг шинэ технологиор ашиглахын тулд нэмэлт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй ч гэх шиг. Саяхан “Сентерра гоулд Монголиа”-гийн менежер Ц.Тулга гэдэг залуу бас ярьж байх юм. Гацууртын ордоос хүдрээ зөөгөөд “Бороо гоулд”-д аваачиж цианит хэрэглэхгүйгээр алт ялгаж авах технологи туршиж байгаа гэнэ. Мөн хүнцэл гэдэг хортой элемент үйлдвэрлэлийн замаар гарч ирдэггүй, энэ нь байгаль дээр уул, усанд шингэсэн байдаг мэтээр мэдэмхийрчээ. Хүнцэл бол цианитаас дутахааргүй хортой. Гэтэл тэд хүнцлийнхээ нарийн учир шалтгааныг олоогүй байгаа юм байна. Эсвэл зориудаар ингэж худлаа яриад байгаа байх. Алттай шороо ухахад аяндаа ялгараад байдаг хор юм л даа. Үүнээс хамгаалах ямар ч ажил хийгээгүй байж алт олдворлохоо эн тэргүүнд тавьж яриад байгаа нь Монголчуудын үхэх сэхэх хамаагүй гэсэнтэй адилхан сонсогдож байна. Тэгж яривал Бороогийн орд руу хамгийн их цианит оруулж ирсэн компаниар “Сентерра гоулд Монголиа” тодорсон. Тус компани 2007 оноос хойш албан ёсны тооцоогоор 2016 тонн цианит оруулж, түүнийхээ 1040 тонныг ашиглажээ. Зарим хорт бодисын тайлангаа холбогдох байгууллагуудад цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй. Хэдий хэмжээний газар нутаг хордсон тухай мэдээлэл нь хаалттай хэвээрээ байгаа. Ингээд үзэхээр Сү.Батболдын найз Жон Казакофф монголчуудыг унаж тустал нь молигодон зааварчилж, захисаар “Урт” нэртэй хуулийг өөрчилж, хэдэн тонн алт ачиж аваад арилаад өгөх нь тодорхой байгаа юм.
Б.Отгонбаяр. Zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )