Нигер улсад туслахаар явсан аврах байгууллагын ажилтнууд цангаж нас барсан 87 хүний цогцсыг Сахарын элсэн цөлөөс олжээ. Аврагчдын унаа эвдэрсэн тул Сахарын элсэн цөлийг туулахаас өөр аргагүй байдалд орсон бөгөөд ийнхүү явж байгаад дээрх эмгэнэлт явдлын гэрч болсон юм. Аврагч Алмаустафа Алхакен гэдэг хүн тэдний цогцос муудсан, бас зарим хэсгийг нь цөөвөр чоно идсэн байсныг олжээ. Нас барсан хүмүүсийн дийлэнх нь эмэгтэйчүүд, хүүхдүүд байсан гэнэ. Тэд гэр бүлийнхээ хамтаар өөр улс руу цагаачилж ажиллахаар явж байсан гэж аврагчид үзэж байна. Нигер улсад Сахарын Африкаас Европыг зорьж буй цагаачдын цуваа дайран өнгөрөх нь элбэг. Гэвч Сахарын цөлийг туулж байгаа цагаачдад Хойд Африкийн орнуудад очиж, ажил хийх л боломж олддог байна. Аврагч Алхакены хэлж байгаагаар дээрх нас барсан цагаачид Арлитаас гараад өнгөрсөн есдүгээр сарын сүүлээс аравдугаар сарын эхэн хүртэл цөлийг туулж явахдаа унаа нь эвдэрсэн бололтой. Өчигдөр сайн дурын ажилтнууд болон цэргүүд Алжирын хилээс 10 км зайтай газарт бас нэгэн бүлэг хүмүүийн цогцсыг олжээ. Тэдний дийлэнх нь мөн хүүхэд, эмэгтэйчүүд байсан бөгөөд Алжирын хөрш орнуудаас ажил хайхаар явж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )