Нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт туссаны дагуу Улаанбаатар хотын сул шороон хөрс бүхий гудамж талбайг зүлэгжүүлэх, усан оргилуур, гэрэлтүүлэг, амрах орчин бүхий талбай бий болгох, явган зорчигчийн нүхэн гарц, гүүрэн гарц, дугуйн, гүйлтийн зам барьж байгуулах зорилгоор Улаанбаатар хотын нарны замаас хойшхи Их тойруу доторх 68 гудамж талбайг хамруулан 318 га талбайд тохижилт, бүтээн байгуулалт хийхээр болсон билээ. Гэхдээ энэхүү ажлыг зургаан зэрэглэлээр гаргасан зураг төслийн дагуу хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар хийж хэрэгжүүлэхээр шийдвэрлэж Улаанбаатар хотод анх удаа "Хөгжлийн Төлөө Түншлэл" Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалт уулзалтыг зохион байгуулсан юм. Энэхүү уулзалтад оролцсон хувийн хэвшлийхнээс "MCS"групп, "Оюу толгой" ХХК,"Таванбогд" групп "G Mobile"корпораци ,"Bluemon" ХХК, "Алтантариа" ХХК зэрэг зургаан аж ахуйн нэгж, гурван тэрбум гаруй төгрөгийн өртөг бүхий хот тохижилтын ажил хийхээр хотын Захирагчтай хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурсан. Энэхүү томоохон тохижилтын ажил Оюутны гудамж буюу Монгол Улсын Боловсролын Их сургуулийн автобусны буудлаас Монголын Залуучуудын холбоо хүртэлх гудамжаас эхэлсэн. "Оюу толгой" ХХК өөрсдийн хөрөнгөөр энэхүү гудамжийг тохижуулан аравдугаар сарын 15-нд нийслэлд албан ёсоор хүлээлгэн өгсөн юм. Харин нийслэлийн ойн өдрийн өмнөхөн "Орчлон констракшн" гурав, дөрөвдүгээр хорооллын автобусны эцсийн буудлын 10000 метр квадрат талбайг 500 сая төгрөгөөр тохижуулж дууслаа.
Сэтгэгдэл ( 0 )