“Ард түмэн та-Хаан” үндэсний форум эхэллээ

Автор | Zindaa.mn
2013 оны 11 сарын 07

"Ард түмэн Та-Хаан" үндэсний форум өнөөдөр СТӨ-нд болно. Уг арга хэмжээний талаар Шадар сайд Д.Тэрбишдагва өчигдөр хэвлэлийнхэнд хандлаа. Шадар сайдын санаачилгаар хоёр дахь жилдээ  зохион байгуулагдаж буй энэхүү форумын зорилго нь бидний хөгжил, дэвшилд саад болж байгаа сөрөг зүйлүүдийг ил тод болгох аж. Мөн төр, аж ахуйн нэгж, иргэний нийгмийн хамтын хүчин чармайлтаар хэрхэн шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, зөв чиглэлд төлөвшүүлэхэд оролцогч талуудын санаачилгыг өрнүүлэхэд оршиж байгаа гэнэ.   

"Ард түмэн Та-Хаан" үндэсний форум нь ард иргэдийнхээ дуу хоолойг сонсохоос гадна асуудлыг шийдвэрлэхэд тэдний оролцоог хангаж байгаагаараа ихээхэн ач холбогдолтой хэмээн Шадар сайд онцоллоо. Өнгөрсөн жилийн  форумыг иргэд, олон нийтийн эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалах, иргэн, аж ахуйн нэгжид тулгамдаж байгаа асуудлыг судлан шийдвэрлэх, хэрэглэгчийн болон иргэний нийгмийн оролцоог өргөтгөх, идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулж байжээ. Харин өнөө жилийн хувьд "сахилга, хариуцлага" гэсэн  сэдвийн дор болж байгаа юм.  Сахилга хариуцлага суларснаас  чухам ямар хор хохирол нийгэмд   учирч байгааг  төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хүрээнд тал талаас нь жишээ баримт гарган ярилцаж, улсын хэмжээнд ойрын үед хийх ажлын төлөвлөгөө гаргах ажээ.

Форумд Ерөнхий сайд, УИХ, Засгийн газрын гишүүд, УИХ-н Байнгын хорооны дарга, гишүүд, НҮБ, Дэлхийн банкны Суурин төлөөлөгчид болон нийслэл, орон нутгийн төрийн захиргаа, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, иргэдийн төлөөлөл зэрэг 1000 гаруй хүн оролцно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top