Монгол, Хятадын соёл, урлагийн хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ Монголын язгуур урлагийн хамтлагуудын “Талын Монгол” тоглолтыг саяхан Хятадын Үндэсний их театрт зохион байгууллаа. Монгол Улсын төрийн соёрхолт жүжигчин Д.Сосорбарамын найруулсан уг тоглолтод “Алтан ураг”, “Алтайн оргил”, “Арга билэг”, “Домог”, “Жонон”, “Тэнгэр аялгуу”, “Хөсөгтөн” хамтлаг болон Улаанбаатар чуулгын бүжигчид, уран нугараачид оролцов.
Тоглолтыг нээж Элчин сайд Ц.Сүхбаатар товч үг хэллээ. Тоглолтыг Бээжин хотод суугаа ДТГ-уудын тэргүүн нар болон дипломат ажилтнууд, Хятадын төрийн болон урлаг, соёлын байгууллагын төлөөлөгчид, Бээжин хотод сурч, ажиллаж байгаа Монгол иргэдийн төлөөлөл 1500 гаруй хүн үзэж сонирхов. Уг тоглолт Хятадын Үндэсний их театрын дуурийн танхимд 1 цаг 30 минут үргэлжилсэн юм. “Талын Монгол” тоглолт нь үзэгчид, мэргэжилтнүүдийн зүгээс өндөр үнэлэлт авч, Монголын язгуур урлагийн өв, соёлыг гадаадад сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулав.
Сэтгэгдэл ( 0 )