“Миний нулимсыг салхи л арчина”, “Өвлийн шөнө”, “Зүүдний дагина”, “Бороотой зуны дурсамж” тэргүүтэй, залуусын сэтгэлд хоногшсон олон сайхан дуугаараа нэг хэсэг үзэгчдийг байлдан дагуулж явсан “Freezone” хамтлагийнхан эргэн нэгдэж, арванхоёрдугаар сарын 7-нд “UB palace”-д тоглолт хийхээр болжээ. Энэ талаар тус хамтлагийн дуучин Г.Баттөмөрөөс тодрууллаа.
-“Freezone” хамтлагийнхан хамгийн сүүлд хэзээ тоглолт хийсэн бэ?
-Монголд гэвэл “UB palace”-д 2002 онд хамгийн сүүлд тоглосон юм байна. Дараа нь Лондонд 2006 онд тоглолт хийсэн. Зургаан жил тайзнаа гараагүй байж байгаад саяхан урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Ц.Чулуунбат ахын “Содон аялгуу” тоглолтын үеэр хамтдаа дуулсан.
-Фэнүүдийн тань удаан хүлээсэн тоглолт болох нь. Тэдэнд ямар бэлэг барихаар төлөвлөж байна вэ?
-11 жилийн дараа тоглолт хийж байгаа болохоор сэтгэл их хөдөлж байна. Бас бэлтгэл сайн хийх хэрэгтэй. Энэ удаагийн тоглолтод “Freezone”-ын анхны дуунаас эхлээд хүмүүсийн сайн мэдэх хит дуу нуудаа сонордуулахаас гадна сүүлд хийсэн хоёр, гурван шинэ уран бүтээлээ толилуулна. Нийтдээ 25 дуу дуулахаар бэлтгэж байна. Тоглолтын нэрийг хараахан өгч амжаагүй явна. Тоглолт хоёр хэсэгтэй. Эхний хэсэгт “Өвлийн шөнө”, “Миний ну лимсыг салхи л арчина”, “Зүүдний дагина” тэргүүтэй хайрын дуунууд эгшиглэх бол хоёрдугаар хэсэгт “Шинэ жилийн мэнд хүргэе” цомогт багтсан шинэ жилийн тухай дуунуудаасаа дуулна. Тоглолтоо “амьд” хөгжимтэй хийж, хотын соёл, хотын хөгжим гэж юу байдгийг мэдрүүлнэ.
-Тоглолтод зориулж шинэ уран бүтээл хийж байна уу?
-Хоёр, гурван дуу хийсэн. Саяхан “10 хором” дуугаа дүрсжүүлж, үзэгчдийн хүртээл болгосон. Мөн зарим хуучин дуугаа шинэчлэн дуулах бодолтой байгаа.
-Тоглолтод өөр хамтлаг, дуучид оролцох уу?
-“A sound” хамтлагийн хөгжимчдөөс өөр уран бүтээлчид оролцохгүй. Тоглолтыг “On&Off” продакшн, “New star” студийнхэн хамтран зохион байгуулж байгаа. Ерөнхий найруулагчаар нь С.Ононбат ах ажиллаж байна.
-Тоглолтын дараа уран бүтээлээ үргэлжлүүлэх үү?
-Шинэ цомгийн ажилдаа орно доо. Бид гурав хамтраад нэг дуу бичлэгийн студи байгуулж байгаа. Төрөө маань Лондонд хөгжмийн зохиолчийн бэлтгэл төгссөн. Тиймээс цаашид уран бүтээлээ тасалдуулахгүй үргэлжлүүлнэ.
П.ТУНГАЛАГ
Сэтгэгдэл ( 0 )