Японд шинэ арал бий болсон тухай орон нутгийн хэвлэл мэдээллэсэн. Энэ арал нь галт уулын дэлбэрэлтийн нөлөөгөөр Токио хотоос өмнөд зүгт орших Нишиношима гэх эзгүй арлын ойролцоо бий болжээ. Шинээр үүссэн арлын талбайн хэмжээ нь 200 ам.метр юм байна. Нишиношима арал нь 1974 онд мөн адил галт уулын дэлбэрэлтийн улмаас үүсэж байжээ. Энэ сарын 20-нд дэлбэрсэн галт уулнаас гарсан утаа 600 метрт хөөрөөд байгаа бөгөөд одоог хүртэл лаав буюу магма гарч байгаа учир эргийн хамгаалалтын албаныхан ойр хавиар өнгөрөх усан онгоцнуудад аюулын анхааруулга өгч байгаа гэнэ. Японы эрдэмтэд ийм төрлийн шинэ арлууд нь дэлбэрэлтийн нөлөөгөөр дээш өгргөгдөж гарч ирсэн ч буцаад суулт өгөн далайн уснаас доош ордог учир баярлахад арай эрт байна гэж үзэж байгаа юм. Харин Японы засгийн газар эл явдлыг анхааралдаа авсан бөгөөд “Хэрэв энэ шинэ арал алга болохгүй бол Японы нутаг дэвсгэр гэж бүртгүүлэн, нэр өгөхдөө баяртай байна” гэж мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )