Ардын жүжигчин, төрийн шагналт, зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит “Бүжиг дэглээч болон гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын гуравдугаар уралдаан”-ы зүүн бүсийн эхний шатны шалгаруулалт Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд болжээ. Монголын урлагийн ажилтны холбооноос зохион байгуулж буй энэхүү уралдаанд Хэнтий, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Сүхбаатар аймгийн мэргэжлийн урлагийн байгууллагуудын бүжиг дэглээч, бүжигчид 40 гаруй хүн оролцсоноос гоцлол бүжгээр Дорноговь, Дундговь, хоёрол бүжгээр Сүхбаатар, цөөхүүл бүжгээр Хэнтий, Сүхбаатар, Дундговь аймгийн бүжигчид, Хэнтий, Өмнөговь, Дундговь аймгийн бүжиг дэглээчид шалгарч дараагийн шатанд оролцох эрх авсан байна. Үндэснийхээ бахархал болсон бүжгийн урлагаа сэргээн хөгжүүлэх, бүжигчдийн урын санг баяжуулах, ахмад үеэ санан дурсаж, авьяас чадварыг нь үргэлжлүүлэн мөнхжүүлэх зорилготой энэ уралдааны эцсийн шалгаруулалт ирэх сарын сүүлчээр Дархан-Уул аймагт болох ажээ.
Эх сурвалж: МОНЦАМЭ
Сэтгэгдэл ( 0 )