Өнгөрсөн зун АНУ-ын үндэсний аюулгүй байдлын агентлагийн ажилтан Эдвард Снөүдэн Засгийн газар утасны мэдээлэл нууцаар чагнаж, хянадаг талаарх маш нууц мэдээллийг олон нийтэд дэлгэсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар эх орноосоо урвасан гэж үзсэн бол олон нийт түүний эр зоригийг үнэлж үндэсний баатар ч гэж нэрлэсэн. Үүгээр ч барахгүй олон улсын мэдээллийн “euronews.com”-ын уншигчид түүнийг оны онцлох хүнээр тодруулсан билээ.
Харин энэ Даваа гаригт Вашингтон дахь АНУ-ын дээд шүүх уг асуудлаар хуралдаж, гар утас хэрэглэгчдийн яриаг чагнаж, өдөр тутмын хэрэглээнд нууцаар хяналт тавих нь хууль бус гэж үзжээ. АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын агентлаг уг үйлдлээ тайлбарлахдаа Олон нийтийн аюулгүй байдлын төлөө, цаашлаад терроризмаас урьдчилан сэргийлэх зорилгоор гар утасны хэрэглээнд хяналт тавьдаг гэж мэдэгдэж байсан юм. Энэхүү үйлдэл нь хувийн амьдралд хэт халдсан гэх хуулийн заалтыг зөрчсөн учир Үндэсний аюулгүй байдлын агентлагийг дахин ийм үйлдэл хийхийг хоригложээ.
Уг хориг шийдвэрийг гаргах шүүх хуралд Эдвард Снөүдэн байлцсан төдийгүй, шүүхийн шийдвэрийг нааштайгаар хүлээн авсан талаар “New York Post” сонин онцолжээ. Тэрбээр одоогийн байдлаар ОХУ-д түр орогнож байгаа юм. ”Би дур мэдэн түрүүлж хөдөлсөн нь үнэн. Гэхдээ ард иргэдийг мэдээгүй байхад хөшигний цаагуур юу болж байдгийг илчилж, энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлж үнэн мөнөнийг тогтоохыг хүссэн ” гэж шүүх хурлын үеэр мэдэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )