Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч нар нас барсан нярайн цогцсыг ар гэрийнхэнд нь сольж өгсөн хэрэг өнгөрсөн оны 12 дугаар сарын 30-нд гарчээ. Тодруулбал, тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нэгэн эх амаржиж бяцхан үрээ амьгүй төрүүлсэн байна. Уй гашуу болсон ар гэрийнхэн нь хүүгээ оршуулахаар өглөөний 05.00 цагт эмнэлэг дээр ирсэн аж. Гэтэл яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч дур мэдэн хүүгийн цогцсыг өгч явуулсан байна. Ингээд хоёр цагийн дараа хүүхдийн цогцос солигдсон гэдгийг мэджээ. Учир нь төрөөд хоёр хоноод нас барсан бас нэг хүүхдийн цогцос моргт байсан аж.
Тиймээс хоёр хүүхдийг хооронд солиод явуулчихаж. Уг нь төрөх тасгийн сувилагч моргоос хүүхдийг гаргаж өгөх ёстой байдаг аж. Гэтэл яаралтай түргэн тусламжийн тасгийн сувилагч дур мэдэн нөгөө сувилагчдаа мэдэгдэлгүйгээр өгсөн байна. Ингээд солигдсон гэдгийг нь мэдсэн даруйдаа ар гэрийнхэнтэй нь холбоо тогтоож оршуулгын араас явсан байх юм. Уй гашууд автсан ар гэрийнхэнд нь учир явдлаа тайлбарлахад “Өө тийм үү” гээд хүлээж аваагүй байна. Тэд оршуулахаас нь өмнө хүүгийн цогцсыг буцаан авчирч солиог нь гаргажээ. Хариуцлагагүй гэхэд дэндүү хариуцлагагүй ийм үйлдэл Увс аймагт болжээ. Тус аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга “Ийм ноцтой хэрэг гарсан нь үнэн. Үнэхээр хариуцлагагүй юм болсон. Ар гэрийнхнээс нь уучлалт гуйсан. Хариуцлага алдсан хоёр сувилагчаа ажлаас нь халсан. Албан ёсоор яамандаа хандлаа. Сайд ч гэсэн мэдсэн. Тэр өдөр жижүүрт гарч байсан сувилагч, эмч нарыг чанарын хурлаар авч хэлэлцээд хариуцлага алдсаныг нь ажлаас халаад заримыг нь сахилгын арга хэмжээ авлаа” гэсэн тайлбар өгчээ. Ямартай ч ёс зүйгүй үйлдэл гаргасан сувилагч нарыг ажлаас нь халсан юм байна.
Сэтгэгдэл ( 0 )