Шинэ Арсландаа Увс нутгийн зон олон 4өрөө байр өглөө

Админ | Zindaa.mn
2014 оны 07 сарын 15

Үндэсний их баяр наадамд Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Увс аймгийн Ховд сумын харьяат “Увс нуур” дэвжээний бөх Улсын харцага Намсрайжавын Батсуурь түрүүлж Монгол Улсын арслан боллоо.
Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдийн үнэмлэхийг өчигдөр Хүй долоон худагт болсон уяачдын баярын үеэр гардуулав. Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны дарга Д.Тэрбишдагва баяр наадамд түрүүлсэн бөхийн бай шагнал болох 15 сая төгрөгийг Улсын заан Н.Батсуурьт уяачдын баярын үеэр гардууллаа.
Увс нутгаас төрсөн шинэ арсландаа Увс аймгийн Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс “Хүннү” хороололд дөрвөн өрөө байраар мялаав.
Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр Японы “Тоёота” компани ажилласан бөгөөд энэ жил анх удаа Үндэсний бөхийн барилдаанд түрүүлсэн бөхийг “Ланд круизер-200” маркийн авто машинаар шагнасан юм. Тиймээс Увс нутгийнхан саяхан гал голомтоо бадрааж, хүүтэй болсон залуу арсландаа тав тухтай амьдрах бололцоогоор хангаж, дөрвөн өрөө байрны батламжийг гардуулсан юм.
Энэ шагналыг Увс аймгийн Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөлийн дарга, Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав, УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн тэргүүтэй Увс нутгийнхан шагналыг нь өгч, амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top