З.Манлайбаатар: Орон сууцны үнэ буурах хандлагатай байна

Автор | Zindaa.mn
2014 оны 11 сарын 13

Монголбанк болон Үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, Актив зууч, Монголиан Пропертис компаниудын консорциум хамтран 2014 оны аравдугаар сарын “Орон сууцны үнийн индекс”-ийн судалгааг хийжээ. Энэ талаар  Эдийн засгийн судалгаа эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эдийн засагч З.Манлайбаатартай ярилцлаа. 

-“Орон сууцны үнийн индекс”-т хийсэн хамтарсан судалгааны үр дүн хэрхэн гарсан бэ?  

-Бид энэхүү судалгаанд тухайн сард Улаанбаатар хотод борлуулагдахаар зах зээлд нийлүүлэгдсэн шинэ, хуучин бүх төрлийн орон сууцны үнийг хамруулан тооцсон. Судалгаагаар  Орон сууцны үнийн индексийн 10-р сард суурь үе буюу 2013 оны 1-р сараас 19.7 хувийн өсөлттэй гарлаа. Энэ нь өмнөх сараас -2.68 хувь буурсан үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, зах зээлд нийлүүлэгдэж буй орон сууцны зах зээлийн үнэ 10-р сард өмнөх сараас 2.68 хувь буурсан байгаа.  Харин уг индексийг оны эхэн үетэй харьцуулахад 0.076 хувь өссөн бол, өнгөрсөн оны мөн үетэй буюу 12-р сарын өмнөхтэй харьцуулахад 1.86 хувийн өсөлттэй байна.

- Индексийг ямар аргаар тооцож гаргасан бэ?

- Орон сууцны үнийн индексийг Хедоник регрессийн аргаар тооцсон бөгөөд индекс тооцох судалгааны ажилд Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн арга зүйн зөвлөгөө өгч, хамтран ажиллаж байна.  Мөн орон сууцны үнийн индексийг Улаанбаатар хотын орон сууцны зах зээлийн онцлогт хамгийн сайн тохирсон гэж үзсэн шинэ загвараар тооцож, өмнөх саруудын тооцооллыг урагш нөхөж шинээр тооцсон юм.

-Орон сууцны үнийн индекс буурахад ямар хүчин зүйл нөлөөлсөн байна вэ ?

-2013 оны туршид орон сууцны үнэ нэлээн өссөн. 2014 оны гуравдугаар сар хүртэл 26 хувьтай байсан.  Харин 2014 оны наймдугаар сараас хойш эрчимтэй буурч үндсэндээ оны эхэн үеийн төвшинтэй адил байна. Ийнхүү орон сууцны үнэ буурхад найман хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах иргэдийн тоо 36 хувиар буурсан. Энэ нь тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байж болох юм. Цаашдаа ч буурах хандлага ажиглагдаж байна.

-Ер нь ойрын жилүүдэд орон сууцны үнэ ингэж огцом буурч байсан тохиолдол байгаа юу?

-Урд өмнө нь найман хувийн хүүтэй зээл олголт сар бүр хэлбэлзэлтэй байдаг  байсан ч 2013 оны нэгдүгээр сард л  36 хувиар буурч байсан. Түүнээс хойш ингэж огцом буурч байсан тохиолдол байхгүй. 

- Улаанбаатар хот халуун хүйтэн ус, цахилгаан дулааны хомсдолд орж байгаатай холбоотойгоор шинээр ашиглалтад орж байгаа орон сууцнуудын үнэ өсөх хандлагатай байгаа гэх мэдээлэл байна. Энэ бодитой мэдээлэл мөн үү?

-Тухайн орон сууцны өөрийнх нь шинж чанарууд болох гаднах тоглоомын талбай, тохижилт, түрүүний өөрийн чинь хэлдгээр дэд бүтэцийн асуудал нь хэрхэн шийдэгдсэн бэ гэх мэт зүйлс орон сууцны үнэд нөлөөлж байгаа. Гэхдээ бидны зорилго бол тухай орон сууцны шинж чанартай холбоотой үнийг нь өсгөдөг, бууруулдаг зүйлсийн  үнийн өртөгийг хасаад цэвэр үнийнх нь өсөлт, имфляци нь хэд байна вэ гэдгийг тооцох зорилготой судалгаагаа хийж байгаа.

-Энэ судалгаа  цаашид үргэлжлэх үү?

-Орон сууцны үнийн индекст хийж байгаа энэхүү судалгаагаа үргэлжлүүлэн хийх төлөвлөгөөтэй байгаа.

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top