Монголбанкнаас “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд”-д өөрчлөлт орсонтой холбогдуулан тус банкны ОНХХ-ийн Эдийн засагч, хэвлэлийн төлөөлөгч С.Амгаланбаяртай ярилцлаа.
- Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд орсон өөрчлөлтийн талаар бидэнд дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юү?
-Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдрийн тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-д өөрчлөлт оруулж хөдөө орон нутагт баригдаж буй амины орон сууцыг тус хөтөлбөрт хамруулахаар боллоо. Ингэснээр Монгол хүн амьдарч буй газартаа, аймаг сумандаа ая тухтай сайхан амьдрах, Улаанбаатар хотыг чиглэсэн хүн амын шилжих хөдөлгөөнийг сааруулах чухал нөхцөл бүрдэж байна.
- Хөдөө орон нутагт гэхээр Улаанбаатарт хамаагүй гэсэн үг үү?
-Тийм ээ, одоогоор Улаанбаатарт байгаа амины орон сууцанд хамаарахгүй. Харин аймаг, сумдад батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдаж буй, эрх бүхий байгууллагын шийдвэрээр байнгын ашиглалтад орсон, цахилгаан, дулаан, ус хангамж, ариутгах татуурга зэрэг дэд бүтцийн асуудлаа шийдсэн амины орон сууц тус хөтөлбөрт хамрагдах боломжтой гэсэн үг.
-Амины орон сууц гэхээр газрын асуудал бас давхар хөндөгдөх байх. Үүнийг яаж зохицуулж байгаа вэ?
-Хөтөлбөрт хамрагдах амины орон сууцны хувьд газрыг өмчлөх, эзэмших эрх улсын бүртгэлд бүртгэгдсэн байх ёстой. Ингэхдээ эзэмших эрх нь 20-оос дээш жилийн хугацаатай байх шаардлагыг тавина.
-80м2 гэсэн талбайн хязгаар амины орон сууцанд хамаарах уу?
-Амины орон сууц худалдан авахад нийт талбайн хэмжээ 80 квадрат метр дотор байх хязгаар тавихгүй. Энэ хязгаарлалт нийтийн орон сууцны хувьд хүчин төгөлдөр мөрдөгдөөд явна.
-Хямралтай холбоотойгоор найман хувийн ипотекийн хөтөлбөр удахгүй зогсоно гэсэн яриа гадуур нэлээд байна?
-Энэ хөтөлбөрийг зогсоох биш харин ч амины орон сууцыг хамруулж өргөжүүлж байгааг та бүхэн харж байгаа байх. Хөтөлбөрийг зогсоох тухай ямар ч шийдвэр гараагүй, хэвийн үргэлжилнэ гэдгийг хэлье. Эдийн засгийн хүндрэлээс шалтгаалан банкууд зээлийн шалгуураа чангатгасан байхыг үгүйсгэхгүй. Мөн МИК дээр орон сууцны зээлийн багцыг үүсгэж үнэт цаасжуулахад тодорхой хугацаа ордог гэдгийг банкууд иргэдэд сайтар ойлгуулахгүй бол санхүүжилт гацсан юм шиг, Монголбанк санхүүжилт өгөхгүй байгаа юм шиг эндүүрэх явдал байдаг. Хөтөлбөр үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Цаашид бүр өргөжүүлж Улаанбаатарын амины орон сууцыг хамруулах боломжийг нийслэлтэй хамтран судалж байгааг хэлье.
-Нийслэлд байгаа амины орон сууцыг ипотекийн зээлд хамруулна гэдэг их сайхан сонсогдож байна. Гэхдээ энэ ажлыг хэзээнээс эхлэх боломжтой гэж үзэж байгаа бол?
-Бид эхний ээлжинд амины орон сууцны эрэлт, нийлүүлэлт ямар байна вэ, нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал зэргийг лавшруулан судлах шаардлагатай байна. Гэхдээ тун удахгүй нийслэлийн иргэд амины орон сууц худалдан авах хөтөлбөрт хамрагдаж эхэлнэ гэдэгт итгэлтэй байна. Мөн энэ хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ Улаанбаатарын утааг бууруулах нөхцлийг зайлшгүй харгалзан үзнэ гэдгийг хэлэх нь зүйтэй байх.
-Малчид ипотекийн зээлд хамрагдах боломжийг Монголбанк нээсэн. Энэ ажил хэр явцтай байгаа бол?
-Энэ ажил ахицтай байгаа. Хамгийн сүүлд гэхэд УИХ-ын дарга З.Энхболд Сүхбаатар аймгийн Баяндэлгэр суманд баригдсан 24 айлын орон сууцны нээлтийн үйл ажиллагаанд оролцсоныг та бүхэн мэдэж байгаа. Тус арга хэмжээний үеэр Их хурлын дарга байранд орсон айлуудын тал хувь нь найман хувийн хөтөлбөрт хамрагдсан малчид байгааг онцолсон байдаг. Мөн Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 250 айлын амины орон сууцны “Боловсрол” хотхон баригдаж байгаатай бид газар дээр нь танилцсан. Эхний ээлжийн 104 айл сууцандаа хэдийнээ ороод тохилог амьдарч байна. Дулаан, цахилгаан, цэвэр бохир усны шугам сүлжээ гээд дэд бүтэц бүрэн шийдвэрлэгдсэн тул оршин суугчид нь одоо амины орон сууцны хөтөлбөрт хамрагдах боломжтой болж байна гэсэн үг.
Та энд дарж журамтай танилцана уу.
-Ярилцсанд баярлалаа.
Сэтгэгдэл ( 2 )
Банкууд үүнийг завхруулж байна даа. өөрийн харилцагч биш бол өгөхгүй барьцаа буруу байна гэх мэт зээл олгох дургүй юм байна ш дээ Амгаланбаяр даргаа. таны яриад байгаа амьдралд нийцэхгүй л байна даа. бас худлаа яригчийн 1 л байна даа та
хөтөлбөр зогсох гэдэг цуу яриа биш сурталчилгааны төрөл байраа үнэтэй хурдан зарах гэж, ж:нь жолооны курсыг нэг жил болох гэж байгаа гэж 1994 оноос хойш ярьж байна бага дээр ор гэсэн үг