Монгол ардын нам Ерөнхий сайдад нэр дэвшсэн Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй хэмээн мэдээлэл хийлээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболдоос тодрууллаа.
- Ч.Сайханбилэгийг яагаад дэмжиж ажиллахгүй гэсэн шийдвэр гаргасан юм бэ?
- Ардчилсан намаас энэ сарын 17-нд Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгаа Ч.Сайханбилэгийн талаар санал авахаар албан тоот бичгийг ирүүлсэн. МАН-ын Удирдах зөвлөл, бүлгийн гишүүд тус тусдаа хуралдсан. Өчигдөр орой Удирдах зөвлөлийн шийдвэрээр Ч.Сайханбилэгийг дэмжиж ажиллах боломжгүй гэсэн шийдвэр гаргасан. Учир нь улс орны эдийн засгийг ийм хямралт байдалд хүргэсэн, өрийн дарамтад оруулсан шинэчлэлийн гэх нэртэй огцорсон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан хүнийг шинээр байгуулагдах Засгийн газрын тэргүүнээр томилох саналыг зарчмын хувьд дэмжих боломжгүй юм. Шинээр байгуулагдах Засгийн газар Монгол орны эдийн засаг болон нийгмийн амьдралд тулгамдаж байгаа олон асуудлыг түргэн хугацаанд шийдвэрлэх шинэ арга барил, санааг гарган ажиллаж байж эдийн засгийн хүндрэлээс гарна. Өмнөх Засгийн газрын алдаатай бодлогуудыг засч, залруулах ёстой. Энэ нь шинээр байгуулагдах Засгийн газрын хамгийн чухал зорилт учраас өмнөх Засгийн газарт ажиллаж байсан хүн энэ шаардлагыг биелүүлэн ажиллах боломжгүй гэж үзэж байна. Шинэ Засгийн газрын тэргүүн улс орны өмнө тулгамдаж байгаа энэ асуудлыг шийдвэрлэх, улс төрийн болон эдийн засгийн тодорхой мэдлэгтэй, туршлагатай, УИХ дахь бүлгийнхээ дэмжлэгийг авч чадах, УИХ-д байгаа намуудтай ойлголцож чадах хүнийг нэр дэвшүүлбэл бид дэмжин ажиллахад бэлэн байгаа. Өнөөдөр өглөө МАН-ын энэ шийдвэрийг АН-ын дарга З.Энхболдод албан бичгээр өгсөн.
- Улс орны эдийн засаг хүнд байгаа энэ үед хурдан хугацаанд Ерөнхий сайд томилогдож, Засгийн газар байгуулагдах нь чухал байна. Улс орныхоо эрх ашгийг бодож байсан бол Ч.Сайханбилэгийг дэмжиж ажиллах нь зүйтэй юм биш үү?
- Арваннэгдүгээр сарын таванд Ерөнхий сайд огцорсон. Бид эрх баригчдыг 17-н хүртэл Ерөнхий сайдын томилгооны талаар саналаа ирүүлэх байх гэж харсан. Үндсэндээ хоёр долоо хоног АН намынхаа хурлыг хийгээд цаг хугацаа алдлаа. Бидний зүгээс засаг байгуулагдахад ямар нэгэн саад бэрхшээл болоод байгаа зүйл байхгүй. 17-нд өгсөн бичгийн хариуг бид 18-ны хурлаараа шийдээд өгсөн. Бид эрх ашгийг эрэмблэж байгаа. Ер нь Засгийн газрыг хурдан байгуулах, үйл ажиллагаага тасралтгүй явуулах хэрэгтэй гэсэн зарчмын байр суурин дээр байгаа. Гэхдээ үүнээс илүү шинэ Засгийн газрын ажиллах нөхцөл бололцоо, тэнд ажиллаж байгаа хүмүүсийн чадвар, өмнөх Засгийн газрын алдааг засах, залруулах хэрэгтэй гэсэн зарчмын асуудал нь цаг хугацаанаасаа илүү ач холбогдолтой гэж бодож байна.
- МАН Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүнийг дэмжих тал дээр хоёр хуваагдаад байгаа гэсэн мэдээлэл гарсан. Энэ үнэн үү? МАН шинэ Засгийн газарт орж, хамтарч ажиллах уу?
- Манай нам Ерөнхий сайдад нэр дэвшиж байгаа хүнийг дэмжих тал дээр хоёр хуваагдсан зүйл байхгүй. МАН-ын Удирдах зөвлөл энэ сарын 17-нд албан ёсоор хуралдсан. Хурлаараа АН, нэр дэвшигчийн байр суурийг сонсъё гэсэн үүднээс өчигдөр бүлгийнхээ хурал дээр урьсан. Үүний дараа АН-ын бүлгийнх нь гишүүдийн саналыг сонссон. Түүнээс бус МАН-ын бүлэг энэ асуудлаар хуралдаж, улс төрийн шийдвэр гаргах хуулийн заалт байхгүй. МАН-ын бүлэг Ч.Сайханбилэгийг дэмжсэн шийдвэр гаргаагүй. Өөрөөр хэлбэл санал хураалт явагдаагүй. Бүлгийн гишүүдийн саналыг сонсоод, эцсийн шийдвэрийг намын Удирдах зөвлөл гаргасан. АН-аас МАН-д Ерөнхий сайдын асуудлаар зөвшилцөх санал ирүүлснээс бус шинэ Засгийн газарт хамтран ажиллах санал ирүүлээгүй. Тиймээс шинэ Засгийн газарт орж ажиллах эсэх талаар хариулах боломжгүй. Өмнөх Засгийн газрыг огцруулах үеэс МАН шинэ Засгийн газарт хамтарч ажиллах уу гэдэг яриа гарч байсан. Бид 2012 оноос хойш ямар нэгэн байдлаар Засгийн газарт орсон гэж өсөрхөж Засгийн газрыг огцруулах асуудлыг тавиагүй. Улс орны эдийн засагт тулгамдаад байгаа энэ асуудлуудыг Засгийн газар шийдвэрлэж чадахгүйн нь харагдаж байсан учраас сүүлийн хоёр жилийн хугацаанд бид энэ асуудлыг тавьсан.
- АН УИХ-д суудалтай намуудад хамтарч ажиллах санал хүргүүлсэн. Танай намд санал ирээгүй гэсэн үг үү?
- Манай намын бүлгийн хурал дээр АН-ын дарга З.Энхболд ирж бидний асуултад хариулсан. Өмнөх Засгийн газарт хамтарч ажиллаж байсан гэсэн утгаараа “Шударга ёс эвсэл”, Иргэни зориг, ногоон намд хамтран ажиллах санал хүргүүлсэн гэсэн. Манай намд шинэ Засгийн газарт хамтарч ажиллаач гэсэн хүсэлт ирээгүй. Хүсэлт ирээгүй учраас бид энэ асуудлаар ярилцаагүй. Тиймээс энэ талаар байр сууриа илэрхийлэх боломжгүй.
- Танай намын Удирдах зөвлөлд хичнээн хүн байдаг вэ.? Хэдэн хувийн саналаар Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн бол?
-Манай Удирдах зөвлөл улс төрийн шийдвэр гаргадаг. Улс төрийн намын тухай хуулинд Удирдах зөвлөл болон бүлэг хамтарч ажиллах талаар тодорхой тусгасан байдаг. Энэ дүрэм журмын дагуу энэ хоёр байгууллага үйл ажиллагаагаа уялдуулж явдаг. МАН-ын Удирдах зөвлөл 21 гишүүнтэй. Нийт гишүүдийн 63 хувь нь Ч.Сайханбилэгийг дэмжих боломжгүй гэсэн санал өгсөн.
- Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайдад нэр дэвшсэн бол танай нам дэмжих байсан уу?
- Энэ асуултад шууд хариу өгмөөргүй байна. Харин АН бидний тавьсан шаардлагыг харгалзаж үзээд бололцоотой хүн орж ирвэл бид дэмжихэд бэлэн байна. Үндсэн хуульд Ерөнхий сайдыг улс төрийн намуудтай зөвшилцөж Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ гэж заасан. Энэ хүрээнд олонх биш олон суудалтай намууд зөвшилцөж байна. Зөвшилцөлд хүрэхгүй бол праламентед суудалтай намууд зөвшилцөх хуулийн заалт байгаа.
Л.Одончимэг
Сэтгэгдэл ( 7 )
МАН -ЫГ ЯМАР Ч ТОХИОЛДОЛД ЗАСГИЙН ГАЗАРТ ОРУУЛЖ БОЛОХГҮЙ!!! ЭНЭ НЬ ХЭН ХЭНДЭЭ ӨЛЗИЙТЭЙ.
AN bas l aldaad ehellee dee,ene ediin zasag n serhed mash hetsuu bolgochood bodlogiin aldaa ih hiih yumdaa,buruu daa buruu
засагт орох санал ирээгүй учраас дэмжээгүй тэнэг гарууд.
hervee MAN ene asuudald demjsen bol ULS TUR geech ni buur zavaarah bsiin jaahan ch gesen buuri zaasan tulhtai shiidver gargajee . A N han dotroo ih zavaarch bna shuu .
ajliig ni khilgekhgui ogtsrulna ner devshuulsniig ni unagaana odoo tegeed yakh bolj baina daa ooriig ni erunkhii said yum uu shadar said boloochee gesen khuseltiig l khuleegeed baigaa yum bishuu man d er ni uls ornii erkh ashgaas albn tushaal gazrin naimaatender l ashigtai baidag baikh l daa
Эцэсийн мөчимд МАН- бас ч гэж арчаагаа алдаагүй бодлого болоод өөртөө үнэнч үлдсэнд талархлаа.Н.Алтанхуяг шударга бусыг дэвэргэж, ард олныг эс тоон Алтангадасын залуу халааг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж чадлаа. АН- слгнуульд амжилт гаргах бүрт Алтангадас Монгол Улсын хамгийн гол гол удирдлагыг гартаа авч байлаа.Ерөнхий сайдыг Ц.Элбэгдорж 2004-2006 онд,Н.Алтанхуяг 2012 2014 онд Шадар сайдыг Н.Алтанхуяг 2008 2011 онд ,Сангийн сайдыг Н.Алтанхуяг 2004-2006 онд ,Ц.Баярцогт 2008-2011 онд Одоо тэдний хамтрагч МАХН-ын Ч. Улаан 2012-2014 онд тус тус хийж байна.Монгол Улсийн хөгжлийг юу ч биш болгосон
та нар одоо болилдоо юу гэж огцоруулаж тэнэгтсэн юм бэ?