Соёлын яамгүй болно гэнэ, Америк маягийн сонголт энэ үү

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 04

“Шийдэл”-ийн Засгийн газрынхан Соёл, спорт аялал жуулчлалын яамыг хаалгаараа гаргаж хатавчныхаа гадна шидэхээр төлөвлөж байна. Монголд  энэн шиг хэрэггүй яам үгүй гэнэ.  Тэртэй тэргүй  бүтцээ данхайлгахаар төлөвлөсөн атлаа ганцхан энэ  яамаар л туг тахих болж байна. Ер нь Ц.Оюунгэрэл сайдад аллергитэх нь аль эртээс анзаарагдаад байсан юм.  Сайдаас нь салах гээд салбарыг нь золиосолчихож байж ч мэднэ.

Энэ яамыг татан буулгах саналыг МАН-ыхан гаргасан хэмээн  зарим нэг эх сурвалж мэдээлжээ. АН-ын хувьд хамтрагчийнхаа саналд хариу хүндэтгэлтэй хандсан нь энэ юм байх.

 

Гурван том салбарыг нэг тогоонд ингэж багтааснаар бодлого саармагжиж, төсөв мөнгө нь аманд ч үгүй, хамарт ч үгүй тарамддаг урьдын хэв маяг хэвээр үргэлжлэх нь

 

Соёлын яамтай болохыг  олон уран бүтээлчид олон жил мөрөөдөж, хэлж ярьсаны хүчинд Н.Алтанхуягийн үед байгуулсан ч нэгэн сонгуулийн хугацаа дуусгалгүй ийн татан буугдах дээрээ тулаад байгаа нь энэ. Энэ яамыг эргээд хуучин янзаар нь нэгтгэх хувилбар яригдаж байна.  Боловсрол, шинжлэх ухаан, соёл гэсэн төсөв дээр тогтож байдаг гурван том салбарыг нэг тогоонд ингэж багтааснаар бодлого саармагжиж, төсөв мөнгө нь аманд ч үгүй, хамарт ч үгүй тарамддаг урьдын  хэв маяг хэвээр үргэлжлэх нь.

Дэлхийн ихэнх улс орон өв соёлоо нандигнан хадгалдаг, түүнийгээ төрийн бодлогоороо зохицуулж байдаг.  Манай хоёр хөршөөс эхлээд Европын орнууд соёлынхоо салбарыг аль нэгэнд хавсрага болгох бус бие даасан яамтай байхыг илүү чухалчилдаг гэнэ. Зарим улс бүр Соёлын өвийн яам гэж нэрлэсэн байх нь ч бий. Эдгээр орны хувьд үндэсний соёл, өв уламжлалаа тусгаар тогтнолын нэгэн баталгаа хэмээн үздэг аж.

Хэдэн зууны түүхтэй нүүдэлчдийн соёл гэж юм бий. Монгол бол нүүдэлчин соёл иргэншлийн сүүлчийн орон зай. Бидний бусдаас ялгарах онцлогийн нэг нь энэ. Өмнөх нийгмийн үед хэдхэн чуулга, театр, номын сан,  гарын таван хуруунд багтах музей, ганц нэг хэвлэх үйлдвэртэй байсан хэрнээ Соёлын яам гэсэн гүйцэтгэх засаглалын том институцээ  хэзээ ч адалж шоовдорлож байгаагүй юм.  

 

Түүхийн асар их өв соёлтой Монгол Улс соёлын энэ “дайнд” жанжингүй, гар хоосон орох болж байна.

 

Дэлхий нийтэд хорин нэгдүгээр зууныг “Соёлын дайны зуун” гэж тодотгож байгаа. Өдөр тутмынхаа амьдралаас харахад бид өмнөд Солонгосын соёлын довтолгоонд өртөөд байх шиг анзаарагддаг. Энэ мэтээр гадны соёлоор тархиа угаалгаж  даган баясах нь хэм хэмжээ болтлоо гүнзгийрэх аюул бидэнд бий.  Гэтэл түүхийн асар их өв соёлтой Монгол Улс соёлын энэ “дайнд” жанжингүй, гар хоосон орох болж байна.  

Ардчилсан гэх тодотголтой нийгэмд л Монгол соёл, түүхэн их өв нүдэнд орсон өргөс шиг гадуурхагдаж байгаа нь энэ.  Америк загварын шийдэл гэдэг нь энэ юм байлгүй. АНУ-д Соёлын яам гэж байдаггүй хэмээн чих дэлсэж байсан санагдана. Уугуул индианчуудын соёлыг устгачихсан тэдэнд ийм яам байх шаардлагагүй байдаг байж ч мэднэ. Тэгээд түүнийг нь манай ардчилагчид, тэр дундаа Америкт номын дуу сонсож ирсэн шинэ Ерөнхий сайд тэр жишгээр хандаж байгаа нь энэ юм болов уу даа.  

А.Алтантуяа

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Үгүй ерөө(118.70.170.139) 2014 оны 12 сарын 04

Монгол үндэстний оршин тогтнохын үндэс суурь нь соёл уламжлал, хэл яриа, үндэсний бичиг. Чингэхлээр Соёлын яамгүй байна гэдэг нь дээрх гурвыг үгүйсгэж улс үндэстнээ тараан бутаргаж, хөрш зэргэлдээ хятад, оросод уусгах бодлого гэж үзэхээс өөр юу гэхэв дээ.

0  |  0
WQF(202.131.247.82) 2014 оны 12 сарын 04

BATAARIIN YAM GEJ YU BAISAN YUM MONGOLIIN TV GEER NI YZEH YUM YU CH BAIHGYI, DAN SOLONGOS KINO, SHINEER GARCH BAIGAA KINONUUD NI SOLONGOS MAYAGIIN, NEG BOL DELBELSEN BUUDALTSAN AMIDRALAAS HOL TASARSAN.

0  |  0
зочин(203.91.119.100) 2023 оны 10 сарын 20

Гадны хамаг л болохгүй бурууг нь өөрийн улсдаа хэрэглэдэг манайх шиг улс байдаг болов уу яааанадаааааааааааа

1  |  0
Монгол хүн(103.229.122.143) 2014 оны 12 сарын 04

Соёлын яам байж болно. Оюунгэрэл Засгийн газрын гишүүн байж болохгүй. Оюунгэрэлийн нөхөр CIA, NSA, эсвэл өөр албаны хүн байж магадгүй. Төрийн нууцыг гадаад хүнтэй гэр бүл болсон хүнд хариуцуулж болохгүй.

0  |  0
Top