Шинэ жилийн гоёл ямар үнэтэй байна вэ?

Автор | Zindaa.mn
2014 оны 12 сарын 23

 Шинэ он хаяанд ирж хямралтай ч гэсэн албан байгууллагууд шинэ жилээ тэмдэглээд эхэлсэн энэ үед дэлгүүр, худалдааны төвүүд охид бүсгүйчүүдээр дүүрдэг. Бүсгүйчүүдэд ээмэг бөгжнөөс эхлээд даашинз зүүлт, өндөр өсгийт гээд шилж, сонгох эрэл  хайгуул ихтэй. Гэтэл ажлын хажуугаар тэр болгоныг үзэж, үнэ хөлсийг нь судална гэдэг хэцүү, цаг хугацаа шаардсан асуудал. Тэгвэл Шинэ жилийн баяр нь ойртсон ч гоёлоо бэлдэж амжаагүй, ажлынхаа араас өндийж чадахгүй байгаа бүсгүйчүүдийн цагийг хэмнэхийн тулд шинэ жилийн гоёл чимэглэл хаана, ямар үнэ ханштай байгаа талаар хүргэж байна.

Гоёлын даашинз. Жил бүрийн энэ үеэр өөртөө таарсан, бас ч үгүй тэр жилийнхээ моод-ыг дагасан даашинз сонгоно гэдэг яах аргагүй хамгийн том “ажил”. Тиймээс худалдан авагч ихтэй  3, 4 дүгээр хорооллын “Мянган нэрийн бараа”, “Арван мянган нэрийн бараа”, “Түмэн”, “Тумбааш” зэрэг дэлгүүрүүдээр орж сонирхлоо. Дэлгүүрт оронгуут л өнгө өнгөөр алаглах гоёлын даашинзнууд лангуу болгон дээр өрөөстэй харагдана. Лангууны хажуугаар өнгөрөх охид даашинзуудыг сонжин харж, зарим нэг нь өмсөж үзэн толины өмнө эргэлдэнэ. Хорооллын гэх тодотголтой уг дэлгүүрүүдэд даашинзны үнэ ханш дундаж нь 80-130 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан бол арай онцгой содон загвартай нь 200 мянга хол давсан нь ч байлаа. Шинэ жил илүү их дөхсөн тул баяртаа бэлдсэн охид бүсгүйчүүдээр дүүрэн байна байх гэж бодсон ч олон хүн байсангүй. Мөн худалдан авч байгаагаас үзэж, сонирхож байгаа нь илүү байсан гэж хэлэхэд болно. Худалдагч нараас энэ жил охид бүсгүйчүүд ямар даашинзийг илүү сонирхож байгааг асуухад “Өмнөх жилүүдэд гоёмсог, олны дунд онцгойрохуйц, тод өнгийн хээнцэр даашинзууд давамгайлдаг байсан бол энэ жилийн тухайд аль болох энгийн, даруухан даашинзыг сонгож байна” гэлээ. Материал, загвараасаа шалтгаалаад даашинзнуудын үнэ өөр өөр байгаа ч богино, энгийн даашинз хайж байгаа бүсгүйчүүдэд 30-50 мянган төгрөгт таарсан, хэрэндээ л дэгжин даашинз бас л нүд хужирлаад авсан.

Эндээс гараад “Бөмбөгөр” худалдааны төвийг зорилоо. Уг худалдааны төвийн барааны үнийн хувьд хорооллын дэлгүүрүүдийг бодвол үнэ хямдтай байдаг гэдгийг бүсгүйчүүд андахгүй. Гэхдээ сонголт хэр байдаг нь тухайн хүний сонирхлоос шалтгаалах асуудал болов уу. Ямартаа ч өнгө өнгөөр анивчин гялтганах гацуур модны худалдаагаар үйлчлүүлэгчдийг угтана. Энд 3,4-р хорооллын дэлгүүрийг бодвол үйлчлүүлэгч арай их. Үнийн тухайд урт гоёмсог даашинзнууд 70-100 мянган төгрөгийн хооронд байгаа бол богино, энгийн даашинз нь 25-40 мянган төгрөгт багтаж байна. Харин бараа нь харьцангуй үнэтэйд тооцогддог  Улаанбаатар их дэлгүүрт 200-799 мянган төгрөгний даашинзнууд олон сонголтой байна лээ.

Гоёл чимэглэл. Ганган дэгжин даашинзийг гоёл чимэглэлгүйгээр төсөөлөхийн аргагүй. Даашинзаас дутахааргүй үүрэг гүйцэтгэдэг гэдгийг охид, бүсгүйчүүд маань мэдэх биз ээ. Энэ жил бүсгүйчүүд энгийн даашинзыг сонгож байгаа болохоор зүүлт, гоёл чимэглэлийн үүрэг асар их гэдэгтэй санал нийлэх байх.

Тэгвэл гоёлын ээмэг, зүүлт, бөгжний үнэ ханшийг дээрх дэлгүүрүүдээс сонирхлоо. Гоёл чимэглэлийн лангуунаас нүд салгаж чаддаггүй эмэгтэйчүүд энэ үед л хангалтай, харж сонжож, сонирхож авдаг болов уу.  Үнийн тухайд янз бүр. Гоёлын даашинзинд тохируулан зүүх хослол гэхэд л 25-125 мянган төгрөгийн үнэтэй байсан бол дан бөгж зургаан мянган төгрөгөөс эхлээд өнгө үзэмж, хэмжээнээсээ шалтгаалаад 20 мянган төгрөг хүртэл үнээр худалдаалж байгааг охид, бүсгүйчүүддээ дуулгая.

Үс засалт болон нүүр будалт. Шинэ жилийн үдшийн онцгой нэгэн болж харагдах сүүлийн “ажил” бол үсний засалт болон нүүр будалт. Охидын баярын цэнгүүндээ хоцорч очих нэг шалтгаан ч гэж тодорхойлж болох энэхүү “том ажил” энэ жил ямар хэв маяг давамгайлж байгааг 3, 4-р хороололд байрлах нэгэн гоо сайхны газраас асуулаа. “Энэ жил охид маань ихэвчлэн энгийн даруухан байхыг эрмэлздэг болсон байна. Хэт их ганган биш, гоёлын гэхээсээ илүү энгийн засалтыг маш их хийлгэж байна” гэлээ. Харин үнэ ханшийн хувьд гоёлын засалт 25-40 мянга, нүүр будахад мөн л ийм ханштай. Харин маникюр хийлгэхэд 20-30 мянган төгрөг зарцуулахаар байна. Ингээд үнэ ханшаа сонссон бүсгүйчүүд минь сонгосон дэлгүүр рүүгээ марш!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top