Шинэ Засгийн газар байгуулагдсанаар цөөнгүй хуульд өөрчлөлт орлоо. Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн анхааруулж байснаар зарим нь үнэхээр иргэдэд таалагдахгүй шийдвэрүүд гарч байна. Эдийн засаг хүндэрлээ гээд татвар нэмж, иргэдийн нуруун дээрх ачааг улам хүндрүүлж байгаа нь нүднээ ил. Гэтэл татвар нэмнэ, халамжийг багасгана гэсэн дуулианы хажуугаар нэгэн “баартай” хууль чимээгүйхэн батлагдахаар хулгайч муур шиг гэтэж байна. Энэ бол Онцгой албан татварын тухай хууль. Импортоор орж ирж буй онцгой албан татвартай бараануудын татварыг доллараар тооцож, түүнийгээ төгрөгт шилжүүлэн авдаг байсан бол удахгүй шууд төгрөгөөр тооцдог болохоор яригдаж байна.
Онцгой албан татвартай бараанд архи, согтруулах ундаа, тамхи, шатахуун, дизель түлш, суудлын автомашин, бооцоот тоглоомын машин ордог. Монгол улсын нутаг дэвсгэр дээр бараа, үйлчилгээний төлбөрийг зөвхөн төгрөгөөр хийх хуультай. Тиймээс импортын татварыг ч бас ялгаварлахгүйгээр төгрөгт шилжүүлнэ гэдэг зарчмын хувьд зөв. Долларын ханш савлагаатай байгаа учир шууд төгрөгөөр тооцох нь нэг талаасаа тогтвортой байдлыг хангах мэт. Гэвч цаана нь бас учир бий. Эдгээр харьцангуй үнэтэй онцгой барааны татварыг доллараар тооцохгүй, шууд төгрөгөөр авдаг болвол импортлогч компаниудад асар их ашигтай. Америк доллар, монгол төгрөгийн харьцаа бараг л 1:2 болчихоод байгаа тул импортын татварыг төгрөгөөр тооцвол хоёр дахин бага татвар Монгол улсад төлнөө л гэсэн үг. Онцгой албан татвар манай улсын төсвийн 30 гаруй хувийг дангаараа эзэлдэг. Тиймээс төсвийн орлогын хэмжээ дагаад буурна.
За яахав, үнэхээр бизнес эрхлэгчдээ дэмжиж ийм өөрчлөлт хийхнэ гэж бодъё. Гэтэл долларын ханш 1900 давж, 2000 төгрөг болоход ойрхон байхад дээрх онцгой барааны татварыг 1450 төгрөгөөр тооцох гэж байгаа нь хэний эрх ашиг вэ? Иргэд долларыг 1900 төгрөгөөр, харин архи, тамхины худалдаачид 1450 төгрөгөөр авах нь шударга гэж үү? Иргэд нь бүсээ хэтэрхий их чангалж байхад, гадаад архи тамхи оруулж ирдэг нөхдийг дэндүү их эрхлүүлж байгаа хэрэг биш гэж үү? Тийм ч болохоор энэ хуулийн өөрчлөлтийг архи, тамхи эсвэл шатахуун импортлогчдын лобби гэж харах хүн олон байгаа юм.
Үнэхээр бизнес эрхлэгчдээ бодитоор дэмжье гэвэл чөдөр тушаа болоод байгаа НӨАТ-ыг багасгаад өг л дөө. НӨАТ болон бусад татварын өрнөөс болж жижиг компаниуд олноороо хаалгаа барьж байна. Тэднийгээ дэмжсэн бодлогоо эхлээд хэрэгжүүлчих. Үндэсний үйлдвэрлэгч, хэдэн жижиг компаниудынхаа зовлонг тоохгүй байж гадаад архи, тамхи үйлдвэрлэгчдийн толгойг илж цаагуураа архи, тамхины хэрэглээг дэмжиж байгаа нь хардлага төрүүлж байна. Гэр хорооллын айлууд талхыг дөрөв хувааж авч байхад иргэдийн нуруун дээрх татварыг нэмээд байдаг. Тэгсэн хэрнээ монголчуудад өгөөжөө өгөхгүй архи, тамхи импортлогчдын ачааг багасгаад байдаг нь ариун явдал уу?
Энэ “лобби” орсон байх магадлалтай хуулийн талаар улс төрчид төдийлөн дуугарахгүй байна. Манай улс төрчид баяр дөхүүлж байгаад л сиймхийгээр нь баартай хуулиа баталчихдаг гэмтэй. Цагаан сарын баяр, өршөөлийн тухай хууль, эдийн засгийн хямралын дундуур хулгайч муур шиг гэтээд гарчих вий дээ, энэ хууль.
Т.Гэрэл
Сэтгэгдэл ( 0 )