Б.Пүрэвжаргал: “Хоёр сая дахь иргэн гэж уйлах дууг нь орон даяар цацсан”

Автор | Zindaa.mn
2015 оны 01 сарын 20

Монгол Улс тун удахгүй 3 сая иргэнтэй болох гэж байна. Zindaa.mn сайт Улаанбаатар хотын Баянзүрх дүүргээс тодорсон Монгол Улсын хоёр сая дахь иргэн Т.Саяболдынд зочилж, түүний содон түүхийг ээж Б.Пүрэвжаргалаас нь сонслоо. Т.Саяболд 1988 оны 7-р сарын 10-нд төрсөн, долоон хүүхэдтэй Төмөрбаатар гэдэг айлын зургаа дахь хүүхэд юм байна.

- Хүүгээ төрүүлэхдээ Монгол Улсын хоёр сая дахь иргэнтэй болно гэж бэлдэж байв уу? Та энэ талаар мэдэж байсан уу?

- Хүүгээ төрүүлэх гэж байхдаа энэ талаар огт мэдээгүй. Би өмнө нь таван хүүхдээ төрүүлэхдээ зүгээр л эмнэлэгт очоод гаргачихдаг байсан. Харин энэ хүүхэд хоёр гурван удаа төрөхийн өмнөх тасагт очоод буцсан. Бие эвгүйрхээд төрмөөр юм шиг санагдаад очихоор төрдөггүй. Гурав дахь удаагаа очоод өрөөнийхөө эхчүүдээс хамгийн сүүлд үлдсэн байсан. Тэгтэл манай нөхөр цонхоор уулзахдаа “Эмнэлгийн коридорт Монголын хоёр сая дахь иргэн  7-р сарын 10-11-ний хооронд төрнө гээд цус алдалтгүй, урагдалгүй төрүүлсэн эмч, сувилагчийг урамшуулах болзолтой гэсэн утгатай самбар гаргасан байна. Зааланд цэцэг барьсан  баахан хүн байна” гэсэн. Би ч “Аан” гэчихээд нэг их тоогоогүй. Тэгээд нөхөр маань ананасны компод авчраад дөнгөж уучихаад байж байтал ус гараад өвдсөн дөө. Эмч нар өмнө нь нэг их тоодоггүй байсан бол тэр үед их сайхан ааштай, анхаарал тавиад л. Эмч нар ямар сайхан ааштай болчихсон юм гээд дотроо бодоод байсан.

- Эмнэлэгт өөр олон эхчүүд байсан уу?

- Надтай хамт нэг эмэгтэй төрөх гэж байлаа. Тэгтэл Монголын Үндэсний Радиогоос  хүмүүс орж ирээд “Энэ хоёр эмэгтэйн аль түрүүлж төрсөн нь хоёр сая дахь иргэний ээж болно” гээд микрофон барьчихсан. Тэгтэл би эхлээд төрчихсөн дөө. Тэгээд миний хүүгээс Монгол Улсын хоёр сая дахь иргэний дуу хоолой гээд уйлах дууг нь бичиж авсан. Тэгээд маргааш өглөө нь “Монголын хоёр сая дахь иргэн” гээд миний хүүгийн уйлах дуу орон даяар цацсан.

- Саяболд гэдэг нэрийг хэн өгсөн бэ? Хоёр сая дахь иргэн болохоор тэгж билэгшээсэн үү?

- Тийм ээ. Төрсний дараа эмч нар нэрээ хурдан хайрла гээд шахаад байсан. Би жоохон байж байя, аавыг нь ирэхээр асууя гэлээ. Манай хадам ээж Ардын жүжигчин Авирмэд тэр үед хоёрдугаар эмнэлэгт хэвтэж байсан. Манай хүн ээж дээрээ хэдэн төгрөг, хадаг  бариад нэр гуйсан. “Хоёр сая дахь иргэн юм чинь “сая”-тай л нэр өгье” гэснээ тэр үед Замын цагдаагийн дарга байсан Саяболд гэдэг казах хүний нэрийг өгсөн. Надад дөрвөн мөрт шүлэгтэй хамт нэрийг нь бичээд өгч билээ. Тэр үед аймаг болгоноос нэг хүүхэд тодруулж байсан. Манай хүүхэд бол яг хоёр сая дахь иргэн нь.

- Хоёр сая дахь иргэний ээж болоод гарч ирэхэд ойр дотныхон чинь яаж хүлээж авав?

- Намайг төрсний дараа шууд дамнуургаар өргөж яваад л, цэцэг өгсөн. Тэр үед шөл өгдөггүй байсан ч надад тусгай үйлчилгээ үзүүлж шөл өгсөн. Бараг л нууцаар шөл уудаг байсан үе. Өрөөндөө орж ирээд цонхоор хартал манай ажлынхан, найз нөхөд цэцэг барьчихсан зогсож байсан. Би тэр үед Сүхбаатар дүүргийн нийтийн хоолны трестэд эрхлэгчээр ажиллаж байсан. Хүмүүс гурван сая дахь иргэнийг төрүүлээрэй гэж ерөөж байсан даа.

Хүмүүс сонин, радиогоор мэдсэн байсан. Тэр үед гар утас элбэг байсан бол өөр байсан байх.  Сэтгүүлчид гэрийн хаягаар ирээд л ярилцлага авдаг байсан. 26, 27 жилийн өмнө болохоор заримыг нь мартчихсан байна. Эмнэлгээс гараад хүү маань 5, 6 сартай болж байтал нэг өдөр гурван хөлтэй камер барьчихсан хүмүүс ирж кино зураг авч байсан. Хүүгээ инээлгэж байгаа, хөхүүлж байгаа зураг аваад “Жаргалтай эх үрс” гэдэг баримтат кино хийсэн. Тэр баримтат кинонд  хоёр сая дахь иргэн болон чацуутнуудыг нь оруулсан юм билээ. Дараа нь “Элдэв-Очир”-ын кино театрт гарахад нь үзсэн.

- Хоёр сая дахь иргэдэд улсаас байр өгсөн. Та байр авсан уу?

- Бүр дараа нь байр өгсөн л дөө. Тухайн үед улсаас байр өгнө гэж бодоо ч үгүй явсан. Хүүхдээ гэртээ хараад л байж байлаа. Гэхдээ юм гэдэг цаанаа учиртай байдаг юм байна. Нэг өдөр автобусанд цуг төрсөн эмэгтэйтэй таараад, түүнээс байр өгч байгаа тухай сонссон. Тэгээд Эрүүл мэндийн яам дээр очоод 13-р хороололд хамгийн анхны баригдсан 4 өрөө байр авсан. Тавдугаар байрны ес дүгээр давхар, 108 тоот гээд тоог нь их бэлэгшээж байлаа. Манайх гэдэг айл 1989 онд шинэ байранд орсон доо.

- Зарим хүүхдэд 13 нас хүртэл нь эсгий гутал өмсөх эрх өгч байсан гэдэг?

- Тийм гэсэн. Хүүг маань 5,6 сартай байхад нь хуримын ордонд хоёр сая дахь иргэдийг цуглуулаад эрэгтэйд  нь өлгий, тоглоомон машин, эмэгтэйд нь хүүхэлдэй, өлгий өгсөн. Бас хоёр мянган төгрөг, “Хоёр сая дахь иргэн” гэсэн медаль, үнэмлэх өгч байлаа.

- Танай хүү Саяболдыг азтай гэж хэлэхээс өөр аргагүй юм. Ер нь юугаараа онцлог гэж боддог вэ?

- Би долоон хүүхэдтэй, таван хүү хоёр охинтой. Манай хүүхдүүд бүгд дээд сургууль төгссөн, хүмүүжил сайтай хүүхдүүд. Энэ дотроос Саяболд маань илүү аз, хийморьтой. Монгол Улсын хоёр сая дахь иргэн болно гэдэг ховор тохиох аз шүү дээ. Бас авъяастай хүүхэд. Цаанаасаа ажил нь их бүтдэг. Сүүлийн үед дуу сонирхдог, дуулдаг болсон байна. “Universe best songs”-д бүртгүүлэхдээ хүртэл яг 100 дахь хүн нь болж, билэгшээж байлаа.

- Танайх ямар удамтай айл вэ? Урлагийн хүн байдаг уу?

- Ардын жүжигчин Уртнасан бол манай хадам эгч. Гүрбазар гээд Болгарт дуулаачдын сургууь төгссөн дуучин мөн Төв аймагт Далантай гэдэг дуучин байдаг.  Манай аав Архангай, ээж  Говь-Алтайн хүн. Ээжийн аав Баатар тайж, аавын аав Гомбожав дарга тайж гэдэг хүн байсан юм.

- Танайх хүүгийнхээ нэрээр “Саяболд” гэдэг компанитай юм байна?

- Ирээдүйд хүүд маань хэрэгтэй гэж бодоод компанийхаа нэрийг “Саяболд” болгож өөрчилсөн. Манай компани аялал жуулчлал, гадаад худалдааны чиглэлээр ажилладаг.

-Удахгүй Монгол Улсын гурван сая дахь иргэн төрөх гэж байна. Таны сэтгэгдэл ямар байна вэ?

- Монголын хүн ам нэмэгдэж байна гэдэг сайхан.  Удахгүй төрөх гурван сая дахь иргэддээ баяр хүргэе. Миний хувьд Монгол Улсын бүх хоёр сая дахь иргэдийг цуглуулаад уулзалт  зохион байгуулаасай гэж боддог. Хорин зургаан жилийн дараа хэрхэн өсч торнисныг харах бас сонин л байна байх. Энэ чинь улсын түүх шүү дээ.

 

Т.Саяболд: Нэр минь үргэлж содон байдаг

- Монголын хоёр сая дахь иргэн Т.Саяболдыг “Universe Best Songs” нэвтрүүлэгт орж байхыг нь санаж байна?

- Тийм ээ. Би 2012 болон 2014 онд энэ тэмцээнд ороод  дөрөв дүгээр шат хүртэл явсан. 2012 онд хосоороо орж байсан ч Солонгос явах хэрэгтэй болоод тэмцээнээс гарсан.

- Ямар ажил хийдэг вэ?

- Хятад дунд сургуульд сураад, Бизнесийн удирдлагаар их сургууль төгссөн. Одоо “Саяболд” компанидаа ажиллаж байгаа.

- Нэрийг чинь сонсоход л хоёр сая дахь иргэн гэж бодогдохоор байна. Нэрэндээ хэр дуртай вэ?

- Хүмүүсийн дунд миний нэр их содон байдаг. Нэрийг маань сонсоод яагаад ийм нэр өгсөн бэ гэж байнга асуудаг л даа. Асуугаад гайхдаг.

- Өмнө нь өөр шигээ хоёр сая дахь иргэнтэй уулзаж байсан уу?

- Уулзаж байгаагүй. Фэйсбүүкт над шиг Саяболд гэдэг нэртэй хүн байдаг юм билээ. Нүүр тулан уулзаж байгаагүй.

- Удахгүй Монгол Улс гурван сая иргэнтэй болох гэж байна. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?

- Удахгүй төрөх хүүхдүүддээ аз жаргал хүсье. 27 жилийн дараа нэг сая хүн нэмэгдэнэ гэдэг асар удаан байна гэсэн үг. Хүн ам өсөх тусам улс орон хурдан хөгжинө гэдэг боддог. Дөрвөн сая дахь иргэнийг хурдан төрүүлээрэй гэж хэлье.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ааа(202.126.91.159) 2015 оны 01 сарын 23

Соц нийгэм гэж алах юм аа 7 сарын 10 11 байхдаа яахав дээ

0  |  0
энх(103.229.122.139) 2015 оны 01 сарын 20

Миний бага охин 2сая дахь иргэний чацуутан.1988-07-10 төрсөн. 2 хүүхдийг нь 2 сая дахь иргэн гээд тэр өдөр төрсөн 25 хүүхдийг үeчацуутан гээд дурсгалын тэмдэг өгч байж билээ. Энэ Саяболдын ээжтэй хамт хэвтэж байснаа санаж байнаа

0  |  0
Даш(202.72.245.149) 2015 оны 01 сарын 20

Азтай гэр бүлд сайн сайхан бүхнийг хүсье

0  |  0
зочиэ(103.229.121.246) 2015 оны 01 сарын 20

Энэ эгчтэй нэг палатанд байсан тэр хүний хүүхэд нь эндсэн. Манай хамаатны эгч байгаа юм. Үнэхээр харамсалтай юм болсон. Яг ч түрүүлж төрснийг нь 2 сая дахь иргэн гээгүй л дээ. Манай эгч охин тээж байсан гэсэн. Тэгээд гэнэт ураг нь амьгүй болчихсон. Энэ эгчийг төрөхөөс өмнө хүмүүс цэцэг бариад хүлээж байсан. Харин охин нь амьгүй төрсний дараа энэ эгчийн хүүг 2 сая дахь иргэн болгосон. Гэхдээ болох учиртай байсан болохоор тэр бизээ. Эгч маань энэ тухай ярих их дургүй ч тэр үед яг л морь уралдуулж байгаам шиг л юм болсон гэсэн.

0  |  0
zorig(103.229.122.154) 2015 оны 01 сарын 20

3 say dah irgen turj bhad neg hun ungurvul yaahve?

0  |  0
Zochin(103.229.121.223) 2015 оны 01 сарын 20

Harin thh. Yu ni oilgomjgui bgaan. Yag 2 saya dahi irgen bol Sayabold. Ter udur tursun huuhduud bol har uhaanaar bodhod batlamj awsan gesen ug

0  |  0
hulan(202.179.20.119) 2015 оны 01 сарын 20

Aztai eej yumaa.eh hun burt iim az tohiohgui shuu dee.aztai ch huu yum hool huns,bair suuts buh zuilee awaad irdeg

0  |  0
ZOCHIN(103.26.193.163) 2015 оны 01 сарын 20

yamar yadmag muu yariltslaga ve

0  |  0
би(202.21.125.2) 2015 оны 01 сарын 20

Сайхан дурсамжтай юмаа. Бас Аз шүү

0  |  0
би(202.21.125.2) 2015 оны 01 сарын 20

Сайхан дурсамжтай юмаа. Бас Аз шүү

0  |  0
zochin(25.165.179.96) 2015 оны 01 сарын 20

sonirholtoi ym aztai eej huu 2 bna

0  |  0
hmm(202.70.46.205) 2015 оны 01 сарын 20

Oor hvn bdg bizde eswel tiim olon 2 say dahi ergen bdimu. Er oilgohgv bnaa uchiriigni olj bj zow medeelel taraamaar yum. Deerhen neg hvvhen bsan 2 saydahi gdl neteer tsatsad bsan. My medeh 2 say dahi ergen bol 1988 oni emegtei bdg.

0  |  0
az(202.21.106.114) 2015 оны 01 сарын 20

Tuuh yum daa

0  |  0
3 say(112.72.11.111) 2015 оны 01 сарын 20

Az jargal eruul enhiig husie saihan niitlel bna

0  |  0
aaa(122.201.21.104) 2015 оны 01 сарын 20

tanidag hvn bh chinee

0  |  0
enhduuren(122.201.24.53) 2015 оны 01 сарын 20

goy niitlel bnaa, bayarlalaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.11.67) 2015 оны 01 сарын 20

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУц номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top