О.Лхагвасүрэн: Орчин үеийн технологид тулгуурлаж хүүхдэд зориулсан контент, 3D анимэйшн гаргана

Автор | Zindaa.mn
2015 оны 02 сарын 28

Мэдээлэл технологийн үндэсний парк дөнгөж гараагаа эхэлж буй гарааны шинэ тулгар компани, иргэнийг бойжуулж эхлээд 12 жилийн нүүр үзэж байна.  Энэ хугацаанд тус паркын инкубаторын хөтөлбөрт хамрагдахаар нийт 249 иргэн, компани төслөө ирүүлсэн байна. 2003 оноос хойш Мэдээлэл технологийн үндэсний парк нийт 95 компани, иргэнийг хөтөлбөртөө хамруулж, тусад нь гаргажээ. Харин яг одоогийн байдлаар энд “start-up” буюу гарааны 10 компани байрлаж, бойжиж байна. Бид эдгээр 10 компанийг цувралаар танилцуулах болно. Энэ удаа инфографик, 3D анимэйшнээр мэргэшиж буй “IFX”  компанийн захирал О.Лхагвасүрэнтэй ярилцлаа.

- Компани байгуулах гараагаа хэрхэн эхэлсэн бэ?

- Жилийн өмнө дизайнер, графикчин хэдэн залуус нэгдээд студи байгуулна гэж ярилцаж байлаа. Үүнийгээ “Grafx” гэж нэрлээд реклам сурталчилгаа, лого, веб хуудас захиалгаар хийдэг байсан. Сүүлдээ зөвхөн ийм захиалгат ажил хийхгүйгээр өөрийн гэсэн брэнд бүтээгдэхүүнтэй болъё гэсэн зорилго тавиад компани байгуулсан. Мэдээллийн технологийн үндэсний паркийн инкубаторын хөтөлбөрт төсөл бичиж ороод шалгарсан.

- Гарааны жижиг компаниудад хамгийн бэрхшээлтэй ямар асуудал байдаг вэ?

- Хамгийн бэрхшээлтэй асуудал нь санхүү байдаг. Компаниа бойжуулаад, бүтээгдэхүүн хийгээд зах зээл дээр гаргана, танигдана, борлуулна гээд энэ хугацаанд ажилчдын цалин мөнгө, оффисын түрээсийн төлбөр, татвар гээд санхүүгийн бэрхшээл тулгардаг.

- Мэдээллийн технологийн үндэсний паркаас гарааны компаниудад ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

- Бидний байрлаж байгаа өрөө гэхэд 50 м.кв. Яг зах зээлийн үнэ нь сарын  1,800 мянган төгрөг болдог. Харин Мэдээллийн технологийн үндэсний паркаас тодорхой хөнгөлөлттэйгээр  90-30 хүртэлх хувийн хөнгөлөлтийг 2,5 жилийн хугацаанд үзүүлдэг. Энэ бол маш том бодит дэмжлэг. Мөн сургалт, сурталчилгаа, маркетингийн тал дээр дэмжиж ажилладаг.

-Танай “IFX” компани инфографик, 3D анимэйшн дээр төвлөрч ажилладаг юм байна. Монголд ийм төрлийн компани хэр олон байдаг вэ?

- График, дизайн дээр суурилсан гэдгээрээ манай компани онцлог л доо. Ийм компани олон биш. Захиалгаар анимэйшн, телевизийн реклам, клип хийдэг студиуд бол цөөнгүй байгаа. Харин бид нар  3D, 2D график, дизайн тал руугаа хийдгээрээ бусдаас ялгардаг.

-Сүүлийн үед инфографик буюу тоон мэдээллийг хүмүүс их сонирхдог болсон. Танайд ийм захиалга хэр их ирдэг вэ?

- Инфографик бол орчин үеийн мэдээллийн шинэ чиг хандлага. Аливаа өгөдлийг дүрсжүүлээд товч, тодорхой, ойлгомжтой, энгийн байдлаар харуулдаг. Богино хугацаанд их мэдээлэл өгөх зорилготой гэж хэлж болно. Манай компани infographic.mn гэсэн сайт хийж байгаа. Сошиал медиад урсаж байгаа хүмүүс урт, их хэмжээний мэдээллийг хүмүүс цаг зарцуулж үзэхээ больсон. Тиймээс үүнд таарсан контент хийхийг зорьж байна. Ийм хэрэгцээ их байгаа учраас захиалга ч их байна. Постер, плакат, видео, персентаци байдлаар гэх мэт хэлбэрээр инфографикийг хийж байна. Бүх л мэдээллийг дүрсжүүлэх боломжтой учраас ямар ч төрлийн албан байгууллага үйлчлүүлэх боломжтой. Тоон мэдээллийг зурган хэлбэрт оруулна гэдэг зөвхөн график, хүснэгт болгож харуулна гэсэн үг биш. Тухайн мэдээллийн нэгдсэн агуулгыг оновчтойгоор илэрхийлэхэд нарийн судалгаа хэрэгтэй байдаг. Өгөгдлийг боловсруулахд цаг их ордог юм. Инфографик бол хараад л шууд утга нь санаанд буудаг байхаар бүтээлч сэтгэлгээний ажил.

-Танай компани 3D анимэйшн хийх төсөл хэрэгжүүлж байгаа юм байна. Монгол хүүхэлдэйн киноны хөгжил, зах зээл доод түвшинд байна гэж хүмүүс ярьдаг?

 Манайх хүүхдүүдэд зориулсан цогц төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Хүүхдүүд телевиз, компьютер, интернэт орчноос мэдлэг олж авдаг болсон. Тиймээс орчин үеийн мэдээллийн технологийн энэ хөгжилтэй уялдуулаад хүүхдийн хүмүүжилд сайнаар нөлөөлөх контент үйлдвэрлэх зорилго тавьсан.

Орчин үед хүүхдүүд монгол зан заншил, хүмүүжлийн талаар мэдлэг олгодог үлгэрийн ном уншихаа больж, интернэт болон аппликэйшнээр анимэйшн үздэг болчихсон. Тиймээс ухаалаг төхөөрөмжинд суурилсан, шууд үзэх боломжтой  хүүхэлдэйн кино хийхээр зорьж байна. Хүүхдийг өрөвч, зөөлөн сэтгэлтэй болох, тэсвэр хатуужилтай болгох, уламжлалт зан үйлээ мэддэг байх, тусархаг байх зэрэг зан чанаруудыг харуулсан орчин үеийн хүүхэлдэйн кино, түүнийгээ дагасан цуврал бүтээгдэхүүнүүд гаргахаар төлөвлөсөн. Мөн Kids.mn гэсэн хүүхдийн нас, насанд тохирсон агуулга бүхий контенттэй сайт хийж байгаа. Үүнийгээ дагаад аппликэйшн гаргана.

- Монгол уран бүтээлчид хүүхэлдэйн кино хийхэд зардал ихтэй хэрнээ, ашиггүй гэж үздэг учраас хөгжил нь сул байх шиг байна. Анимэйшн хийхэд ямар хүндрэлүүд байдаг вэ?

- Ер нь ямар ч байгууллага ашиг олно гэж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Манайх хийсэн контентоо телевизүүдэд зарна. Олонд танигдаад эхлэхээр нь дүрүүдээ брэнд болгоод  хүүхдэд зориулсан дагалдах бүтээгдэхүүнүүд худалдаанд гаргаж ашиг олно гэсэн зорилготой байгаа. Гадны хүүхэлдэйн кино, нэвтрүүлгүүд хямд үнэтэй учраас телевизүүд тэр болгон монгол хүүхэлдэйн киног гаргадаггүй. Дашрамд хэлэхэд, манай компани хөрөнгө оруулагчид болон хүүхдийн үлгэр, зохиол бичдэг, дүр бүтээх сонирхолтой залуучуудтай хамтран ажиллахад нээлттэй.

- Энэ төслөө хэрэгжүүлэх явцдаа санхүүгийн асуудлаа хэрхэн зохицуулж байна вэ?

- Бэрхшээл гэвэл сайн дураараа дээрх төслийг хийж байгаа учраас захиалгын ажил хийж зардлаа нөхөн ёстой. Харин захиалгат ажаа хийхээр үндсэн төслийн ажил бага зэрэг хойшлоод байдаг талтай. Манай компани томоохон хэдэн компанитай тогтмол харилцаатай байж, захиалга авдаг. Телевизийн реклам, компанийн имиж бүрдүүлэлт, лого, сав баглаа боодлын дизайн, брэндбүүк гэсэн ажлууд хийдэг. Захиалга бол тасрахгүй.

- Шинээр компани байгуулахаар бодож, зорьж байгаа залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Хувь хүний өөрийн идэвхи санаачлага хаа газар нээлттэй байдаг. Оюутан эсвэл ажил хайж байгаа залуучууд өөрөө хаана, юу хиймээр байгаагаа тодорхойлчих юм бол тэр газраа очоод би ийм юм хиймээр байна, танайд л ажиллана гэхэд хүлээж авах боломж нээлттэй байна. Тийм зориг гаргаж байна гэдэг өөртөө боломж гаргаж байна гэсэн үг. Манай компани дээр ч гэсэн залуучууд ирээд хоёр, гурван сар график, дизайн заалгаад явдаг.

МТ-ийн салбарт ажиллах хүсэл сонирхолтой бүх залуус, эрдэмтдэд МТҮП-ын инкубатор цаашид өсөн бойжиход бодит дэмжлэг үзүүлдэг гэдэг утгаар Шинэ санаа бүхий бүтээлч залуус Инкубаторт хамрагдан санаагаа  бодит бүтээгдэхүүн болгон хөгжүүлж,  Монгол улсын эдийг засгийн хөгжлийг түргэсгэхэд хувь нэмэр оруулаасай гэж хэлэх байна.

- Ярилцсанд баярлалаа.

Б.Баярмаа

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ganaa(103.229.123.87) 2015 оны 03 сарын 02

Amjilt nzdaa

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.241) 2015 оны 02 сарын 28

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top