Б.Одонхүү: Гурилын үйлдвэрүүд авсан буудайнхаа мөнгийг өгч чадаагүй байгаа

Автор | Zindaa.mn
2015 оны 03 сарын 06

Тариаланчдын их ажил ойртсон энэ цаг үед ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Б.Одонхүүгээс тарилалтийн бэлтгэл ажил болоод салбарын яам, тариаланчдын дунд үүсээд байсан зарим асуудлын талаар тодрууллаа.

- Удахгүй газар тариалангийн ажил эхлэнэ.  Бэлтгэл ажлууд хэр хангагдсан бэ?  

-Газар тариалангийн бэлтгэл ажил ерөнхийдөө хангагдаж байгаа. Тариаланчдын улсын зөвлөлгөөнөөр хэчнээн га-д ямар хэмжээний үр тариа тариалах зэрэг нь тодорхой болно. Аж ахуйн нэгжүүд тарилалтад хэрэглэх машин, трактор, сэлбэг хэрэгслийг гадаад руу явж авч ирж байгаа.

-Намраас хойш үргэлжилж буй салбарын яам, тариаланч нарын маргаанаас үүдэн энэ жил тариа тарих тариаланч цөөрөх юм биш биз? Ер нь энэ асуудал яаж шийдэгдэж байгаа бэ?

-Улаанбуудайгаас илүү ашиг өгөх ургамал манайд одоогоор байхгүй. Борлуулалтаа бодсон ч мөн үр өгөөжийг нь бодсон ч баталгаатайгаар нь улаанбуудайгаас илүү ашиг өгөх ургамал байхгүй болохоор тариа тарих тариланч цөөрнө гэж айлтгүй. Мөн аж ахуйн нэгжүүд ч гэсэн бэлтгэсэн уриншдаа тариагаа тарина гэж байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих санд буудайгаа тушаасан аж ахуйн нэгж иргэдэд мөнгийг нь бүрэн олгосон. Харин гурилын үйлдвэрүүд энэ жил авсан буудайнхаа мөнгийг өгч чадаагүй байгаа. Гурилын үйлдвэрүүдэд тариагаа өгсөн тариланчид эхнээсээ мөнгөө авахаар хөөцөлдөж л байна.

-Аймгийн лабораторид тогтоосон буудайн цавуулагийн хэмжээ нийслэлийн лабораторийнхоос зөрүүтэй гарч хэл ам дагуулдаг. Энэ ямар учиртай вэ?

-Буудайн чанар бол тухайн жилийнхээ байгалийн цаг уурын нөхцөл хөрсний үржил шимээс хамаардаг. Өнгөрсөн жил зарим нутагт цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан буудайн чанарт өөрчлөлт орсон. Өөрөөр хэлбэл өдөр шөнийн хүйтний ялгаа их байснаас тухайлбал, шөнөдөө сэрүүн байхаар цавуулаг бүрдүүлэхэд муугаар нөлөөлдөг. Цавуулаг бүрдүүлэх цаг хугацааг сааруулдаг. Энэ бол ердөө манай орны цаг агаарын нөхцөл байдалтай л холбоотой. Түүнчлэн хур тунадас ихтэй долоо, наймдугаар сард цавуулаг буурдаг үе бий. Гэхдээ тэгтлээ их буудаггүй.

-Сайн чанарын буудай авахын тулд юуг анхаарах шаардлагатай вэ?

-Тариа тарих технологийг чанд мөрдөх хэрэгтэй. Дээр нь нутагшсан сайн сортын үр тарих нь чухал байдаг. Хөрсний үржил шим хөрсөн дэхь цавуулагын бүрдүүлдэг элментүүдийн хангамжийг сайжруулах, бордоог хэрэглэх ийм л арга хэмжээг авч байж цавуулаг өндөртэй сайн буудай гарна. Энэ жилийн хувьд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд эртнээс буудайн чанарт анхаарч ажиллана. Үр технологи дээрээ их анхаарч байна. Харин сайн буудай тарих боломж бололцоог нь төрөөс хангах нь чухал.

А.Алтаа

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
өндөр болгох нууц(112.72.13.1) 2015 оны 03 сарын 09

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top