Цасан шуурганы улмаас Увс аймагт хоёр хүүхэд, нэг том хүн сураггүй болжээ

Админ | Zindaa.mn
2015 оны 04 сарын 04

Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас их хэмжээгээр орж, хүйтрэхийг Ус, цаг уур орчны шинжилгээний газраас анхааруулаад байгаа. Тэгвэл цаг уур огцом хүйтэрсэнтэй холбоотой хөдөө орон нутагт алга болсон хүний тоо өсчээ. Тухайлбал, Увс аймагт гурван иргэнийг эрэн хайх ажиллагаа эхэлжээ. Тус аймагт гурван өдөр дараалан орсон цасны улмаас нэг сумаас л гэхэд хоёр хүүхэд, нэг том хүн малынхаа араас гараад сураггүй болсон байна. Мал нь олдсон ч хүмүүс нь олдохгүй эрэн сурвалжлах ажиллагааг үргэлжлүүлж байгаа юм байна.

Дөрөвдүгээр сарын 1-3-ны өдрүүдэд Увс аймгийн Баруунтуруун, Давст, Малчин, Завхан, Зүүнговь, Зүүнхангай, Өндөрхангай, Өмнөговь, Өлгий, Цагаанхайрхан, Түргэн, Тэс, Улаангом, Хяргас суманд 1-16 см зузаан цас орсны улмаас зам харгуй хаагдаж, зарим сумдын алслагдсан багийн айл өрхүүд рүү зорчих зам цасанд боогджээ.

Өчигдрийн байдлаар Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлийн Сүүж, Сэртгэр, Тариалан сумын чиглэлийн Шарбүрд, Түргэн, Сагил сумын чиглэлийн Улаандаваа орчмын автозам, Наранбулаг сумын Хайстын шил орчмын улсын болон орон нутгийн чанартай автозам, даваа хаагдаад байна. Тиймээс тус аймгийн Онцгой комисс хуралдаж,дараах шийдвэрийг гарган хэрэгжүүлж эхэллээ.

Үүнд:

-Наранбулаг сумын чиглэлийн Сүүж, Сэртгэр, Тариалан сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж, нээх ажлыг аймгийн Онцгой байдлын хэлтэс, Улаандаваа чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж, нээх ажлыг “Увс АЗЗА” ХХК гүйцэтгэж байна. Түүнчлэн Улаангом сумаас Наранбулаг сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж нээжээ.

-Цасан шуурга шуурч, хаваржилт хүндэрч болзошгүй байгаа Наранбулаг, Малчин, Өлгий, Өмнөговь, Тариалан, Улаангом сумын отор нүүдэл хийж байгаа малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх, 300 боодол өвс, 200 уут мод бэлтгэж хүргэх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэс, Цагдаагийн газар, Хилийн 0245 дугаар анги хамтран гүйцэтгэж байна.

-Өчигдрөөс эхлэн орон нутаг болон хот хооронд зорчих автомашины хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлах зэрэг арга хэмжээ авч байгаа бөгөөд Өмнөговь, Өлгий сумын чиглэлийн автозамын цасыг цэвэрлэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top