Л.Оюун: Төрийн компанид ТУЗ-ийн хэрэг алга

Автор | Zindaa.mn
2015 оны 04 сарын 13

-ТУЗ-ийн дарга, нарийн бичиг нь байхгүй байхад хурлаа хийнэ гэдэг бол компанийн засаглалд байж болохгүй зүйл. ТУЗ-ийн гишүүнээр шинээр томлогдсон хэдхэн хүн ингэж тоглож болохгүй. Энэ бол хамгийн бүдүүлэг алдаа-

"Монгол шуудан” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Батсайханыг үндэслэл, шалтгаангүйгээр хууль бусаар ажлаас нь халах шийдвэрийг ТУЗ нь Төрийн өмчийн удирдамжийн дагуу гарсантай холбоогоор тус компанийн 1000 гаруй ажиллагсдын төлөөлөл эсэргүүцлээ илэрхийлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан. Ц.Батсайхан нь өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд гүйцэтгэх захирал хийхдээ орлого, ашгийг сүүлийн хорин жилд байгаагүйгээр огцом өсгөж, зөв менежмент барьж, жирийн ажилчдынхаа цалинг гурван удаа шат дараатайгаар нэмэгдүүлсэн аж.  Гэтэл Төрийн өмчийн хорооны удирдамжийн дагуу “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ хуралдаж шийдвэр гаргахдаа ТУЗ-ийн гишүүддээ ч мэдэгдээгүй гэнэ. Тиймээс энэхүү шийдвэрийг ТУЗ-ийн гишүүд нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. Энэ талаар хөндлөнгийн байр суурийг хүргэх үүднээс “Монгол шуудан” ТӨХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн, эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.

-“Монгол шуудан” компанийн ТУЗ хуралдалгүйгээр хууль бус шийдвэр гаргасан гэсэн асуудал үүсч байна. Хараат бус гишүүний хувьд танд энэ хурлын талаар мэдэгдсэн үү?

-ТУЗ-ийн гишүүнд хурлын товыг заавал мэдэгдэх ёстой. Гэтэл надад энэ талаар огт мэдэгдээгүй. Гуравдугаар сарын сүүлээр хурал хийж, хэлэлцэх асуудлаа товлосон ч өдрөө тогтоогүй байсан. Би дотоод аудитын дэд хорооны даргын хувьд санхүүгийн тайланд шинжилгээ хийгээд явуулсан. Түүнээс хойш хуралдааны товыг зарлаагүй. Гишүүдийнх нь оролцоогүйгээр хуралдаан нь болж, халаа сэлгээ хийсэн тухай телевизийн мэдээнээс мэдлээ.

-Нууцаар хурал хийсэн гэж ойлгож болох уу?

-Гишүүддээ огт мэдэгдээгүй хурлыг ТУЗ-ийн хурал гэж хэлж болохгүй. ТУЗ-ийн хурлаар компанийн өнгөрсөн жилийн ажлын тайланг хэлэлцэх ёстой. Хэлэлцсэнгүй. Тэгсэн хэрнээ ажлаас чөлөөлөх ийм шийдвэрийг гаргасан гэдгийг сонсоод их гайхаж байна.

-Та “Монгол шуудан”-гийн өнгөрсөн жилийн санхүүгийн тайланд дүн шилжилгээ хийсэн гэсэн. Шинжилгээний дүн ямар гарсан юм бэ. Тус компанийн гүйцэтгэх захирал тааруухан ажилсан дүн гарсан юм уу?

-“Монгол шуудан” компани өнгөрсөн жил хэд хэдэн шинэ үйлчилгээг нэвтрүүлсэн. Тэрнийг надаар хэлүүлэлтгүй хүмүүс мэдэж байгаа. Албан тушаалаа ашиглаж, авлига авах үндэс болж байна гэж харддаг байсан замын цагдаагийн торгуулийн хуудсыг бэлэн мөнгөөр шууд төлдөггүй болгож, шуудангаар торгуулийн хуудсыг нь хүргэдэг болсон. Түүнээс гадна татварын тайлан, гадаад паспортыг хүртэл “Монгол шуудан” компани түргэн шуурхай хүргэж өгөх үйлчилгээг нэвтрүүлсэн. Ийм үйлчилгээ өмнө нь огт байгаагүй. Үүнийхээ үрээр өнгөрсөн жилд компанийн ашиг гурав дахин нэмэгдсэн. Хүмүүс төр хамгийн муу менежер, төрийн компани дандаа ашиггүй, алдагдалтай ажилладаг гэсэн бодолтой явдаг. Харин би энэ компанийн хараат бус ТУЗ-ийн гишүүнээр ажиллаад, үйл ажиллагааг нь хянаж, ажиглахдаа  төр муу менежер биш юм байна гэж харсан. ТУЗ-ийн хуралд Ц.Батсайхан хийх ажлаа танилцуулахдаа зарим үед мөрөөдлийн гэмээр төлөвлөгөө танилцуулдаг байсан. Гэтэл тэр бүхэн 3-4 сарын дараа бодит ажил болоод хэрэгжиж байсныг нүдээрээ харж байсан хүний хувьд сайн амжилласных нь төлөө халдаггүй юм бол өөр шалтгаан байхгүй гэж хэлнэ.

-Уучлаарай, ТУЗ-ийн шийдвэр гишүүдийнхээ оролцоогүйгээр гарсан гэж үзэж болох уу?

-Болно. Төрийн өмчит энэ компанийн ТУЗ-д хараат бус гурван гишүүн бий. Хараат бус гурван гишүүний үүрэг нь олон нийтийн нэрийн өмнөөс төрийн өмчит компанид хяналт тавих ёстой. Гэтэл ийм хачин байдлаар асуудалд хандаж байна. Хэрэв ингээд ТУЗ-ийн гишүүдийн оролцоогүйгээр шийдвэр гаргачихдаг юм бол төрийн өмчит компанид ТУЗ, хараат бус гишүүд байх хэрэг алга. Компанийн засаглал гэдэг бол өргөн хүрээтэй, илүү нарийн зохион байгуулалттай ойлголт. Ардчилсан нийгмийн гол үнэт зүйлсийн нэг. Гэтэл компанийн засаглал, ил тод байдлыг зохицуулдаг гол механизмыг үгүйсгэж ийм шийдвэр гаргаж байгаа явдал бол Монголын Улсын төр ямар ялзарсан бэ гэдгийг харуулж байна.

-ТУЗ-ийн хуралдаанд хэдэн хүн оролцсон гэдгийг та мэдсэн үү?

-Мэдэхгүй байна. Бидэнд зарлах ёстой. Зарлаагүй. ТУЗ-ийн шийдвэр нийт гишүүдийн 2/3-ын саналаар хүчинтэй болох ёстой. Гэтэл энэ бүхнийг зөрчөөд шийдвэр гаргачихаж байна. Төрийн албан хаагчийг ажлаас хууль бусаар халж болохгүй, намчирхахгүй, халаа, сэлгээ хийж болохгүй гэж төрийн өндөрлөгүүд нь ярьж байхад дунд шатандаа тэрийг “нохой хуцсан дайны” хүлээж авч байгаад гайхаж байна. Төрийн өмчит компани нь төрдөө захирагдах ёстой юм уу, намд захирагдах ёстой юм уу гэдгийг ойлгохоо болилоо. Төрийн дээд түвшинд асуудалд арай өөрөөр хандах байх гэж найдъя. Мэргэшсэн төрийн албан хаагчид үйл ажиллагаагаа удирдаад явж байхад улс төрийн халхавчин дор юугаа ч мэдэхгүй хүн орж ирээд самарч байгаа нь буруу. Шуудан бол аль ч улсад стратегийн ач холбогдолоороо эхний гуравт ордог онцлогтой салбар. Тэр ч утгаараа мэргэжлийн хүн удирдах ёстой салбар. Хэн дуртай нь хуйвалдаанаар өөрийн хүнээ тавьдаг салбар биш. Энэ салбарт ингэж хандвал бид үндэсний аюулгүй байдал, гадаад харилцаандаа төдийлөн анхаарахгүй байгаагийн шинж.

-Энэ болоод байгаа  үйл явц АН, МАХН хоёрын улс төрийн тохиролцооны дагуу болоод байгаа хэрэг үү?

-Улс төрийн зорилготой болов уу. Аливаа бизнес, ажлыг ажиллах хүч авч явдаг. Өнгөрсөн жилийн санхүүгийн тайланд шинжилгээ хийж байхад, Ц.Батсайхан миний мэдэхийн гурван удаа ажилчдынхаа цалинг нэмсэн. Ингэж л явах юм бол ямар ч бизнес амжилтанд хүрнэ. Өнгөрсөн жилийн тайлан ч үүнийг харуулна. Ц.Батсайхан 200 гаруй сая төгрөгийн ашигтай ажиллаж байсан газрыг ганцхан жилийн дотор 800 сая төгрөг ашигтай болгосон.

-Та бол бизнес, эдийн засгийн ухааны доктор хүн. Ер нь төрийн өмчит компанийг та юу гэж харж байна вэ?

-Төрийн өмчит компаниуд ашиггүй ажиллаж байгаа учраас хувьчилна гэж яриад байгаа. Гэтэл энэ мэт ашигтай ажилладаг, ашиг орлого нь сайн менежмент хийж чадвал өсдөг юм байна. Ийм компанийн ТУЗ-д ажиллахад үнэндээ надад хөнгөн ачаа ногдсон. Компанид байх ёстой зарчмаар л “Монгол шуудан”-гийн ажил явж байсан гэдгийг тэмдэглэмээр байна.

-Төрийн өмчит компани ашигтай, ашиггүй байх нь Төрийн өмчийн хорооны албан тушаалтнуудад  хамаагүй юм биш үү?

-Төрийн өмчийн хороо нь өөрөө компанийн тогтвортой үйл ажиллагааг зориуд ингэж будилуулдаг явдлыг Санхүүгийн зохицуулах хороо анхааралдаа аваасай гэж би бодож байна. Компанийн засаглалыг улсын хэмжээнд хэрэгжүүлэхээр зохицуулах хороо өчнөөн ажил хийж байгаа. Түүндээ ийм зүйлийг анхаарч, засч залруулах хэрэгтэй. ТУЗ-ийн дарга, нарийн бичиг нь байхгүй байхад хурлаа хийнэ гэдэг бол компанийн засаглалд байж болохгүй зүйл. ТУЗ-ийн гишүүнээр шинээр томлогдсон хэдхэн хүн ингэж тоглож болохгүй. Энэ бол хамгийн бүдүүлэг алдаа. Үүнийг зохих ёсны газрынхан хараасай. Хэрвээ ийм бусармаг явдлыг засч, залруулахгүй, хүлээж авахгүй юм бол Монголын төр засаг үнэхээр ялзарчихсан юм байна гэж бодохоос өөр аргагүй.

Л.ХАЛИУ

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
үнэн(202.21.106.115) 2015 оны 07 сарын 30

зүгээр л заль ТӨХ-ны хурган дарга нар голдуу хэсэг нөхөд цалин дээрээ нэмэлт мөнгө аваад л, хийсэн гийгүүлсэн юмгүй худлаа томрон мөнгө идэх аргыг одоо болимоор юм даа

0  |  0
Монгол зочин(103.229.121.190) 2015 оны 04 сарын 14

ТУЗ гэдэг бол ТӨХКомпаниудад байх нь илүү хэрэг. Өмч хувьчлалаас хойш л нэг ийм элементийг гаргасан нь өөрийн үндсэн ажил дээрээ, иүү цалин мөнгө олох гэсэн арга ядсан заль гэж олонхи үздэг болсон нь нууц биш шүү...

0  |  0
Раднаа(112.72.13.117) 2015 оны 04 сарын 13

Турийн умчийн компаний ТУЗ чинь зугээр л тоглоомын хэлбэр тудий зуйл Турийн Умчийн Хорооны удирдамжаар л ТУЗ нь шийдэхгуй бол эсрэг санал угсун гишууд будаа

0  |  0
zochin(202.170.68.20) 2015 оны 04 сарын 13

TUZ hereggui ee.boon har daramt.zugeer ajil hiilgedeggui. Oorsnoo yu ch medehgui baij dandaa goochilj baina.

0  |  0
өндөр болгох нууц(112.72.13.185) 2015 оны 04 сарын 13

15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮

0  |  0
Top