Бид залуу үеээ дэмжиж инновациар гадны зах зээлд гарц хайна гэж ярьсаар өнөөг хүрсэн. Тэгвэл 28 настай залуу "Смарт инноваци” нэртэй програм хангамжийн компани байгуулан богино хугацаанд смарт таксины ситем, ухаалаг гал унтраагч, ухаалаг худаг, машины GPS системийг өөрийн гараар үйлдвэрлэж хэрэглээнд нэвтрүүлээд эхэлжээ. Тэрбээр их сургуулийн дипломыг компани, цаашлаад электрон бүтээгдэхүүн болгож чадсан нэгэн юм. Д.Энхзол МУИС, ШУТИС-ийг мэдээллийн технологи, технологийн инженерээр бакалавр, магистрын зэрэгтэй төгсч, “Интерменежмент” дээд сургуульд бизнесийн удирдлагаар суралцаад амжжээ.
IT паркийн хоёр давхарт байрлах “Смарт Инноваци Системс” ХХК хэмээн хаягласан 30 орчим мкв жижиг өрөөнд түүний компани бүхлээрээ багтаж, залуус программ хангамж, үйлдвэрлэлтээ явуулдаг юм байна. Бүтээгдэхүүн нь овор хэмжээний хувьд авсаархан болохоор одоохондоо энд ажлаа явуулахад ямар нэг бэрхшээл гарахгүй байгаа гэнэ.
- Инкубатор компани гэхэд хэд хэдэн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зах зээлд гаргачихсан гэж дуулсан. Ямар бүтээгдэхүүнүүд байна вэ?
- Бид программ хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнд техник хангамж ч мөн багтана.
- Танай компанийн хамгийн анхны бүтээл юу вэ?
- Хамгийн анх бид ухаалаг таксины систем дээр ажилласан. Энэ төхөөрөмж жолооч, оператор, хэрэглэгч гурвыг холбож ажилладаг төхөөрөмж байгаа юм.
- Бүтээгдэхүүн зах зээл дээр гараад үр дүн ямар байна? Үйлдвэрлэлийн хувьд стандарт хангаж чадаж байгаа юу?
- Смарт таксины систем хэрэглээнд гарчихсан, “VIP”, “Help”, “1991” гэсэн таксинуудад суурилуулсан үйлчилгээнд явж байгаа. Бид “Ухаалаг такси” төхөөрөмжөө Стандарт Хэмжил Зүйн Газраар баталгаажуулж, гэрчилгээгээ авсан байгаа. Үйлдвэрлэх, суурилуулах, борлуулах гэх мэт байх ёстой дөрвөн төрлийн тусгай зөвшөөрлийг авсан. Таксигаар үйлчлүүлж байгаа хүмүүс төлбөрөө хийхдээ эргэлздэг. Жолооч нь мөнгийг илүү авах тохиолдол олон гардаг. Мянган метрт нэг метр хүртэл алдаа заах боломжтойгоор нарийвчилж хийсэн төхөөрөмж. Тэгэхээр хэрэглэгчдийг ч, таксигаар үйлчүүлэгчдийг ч хохироохгүй гэсэн үг. Бидний үйлдвэрлэсэн энэ систем найдвартай гэдгийг ам бардам хэлнэ.
- Хэрэглэгчдийн зүгээс сэтгэл ханамж ямар байна?
- Хэрэглэгчдийн зүгээс маш таатай хүлээж авч байгаа. Үйлчлүүлэгчдэд тасалбарыг нь дор нь хэвлээд өгчихдөг болохоор ямар нэг маргаан гарахаас сэргийлж байгаа юм. Мөн км-ын гүйлт, төлбөр гэх мэт мэдээллүүд нь ил харагддаг. Ингэснээр жолооч, үйлчүүлэгчийн аль алинд нь амар гэсэн үг.
- Гадны ийм төрлийн бүтээгдэхүүнээс танайх ямар давуу талтай вэ?
- Энэ төхөөрөмжийг бид 15 модультай хийсэн. Тэгэхээр вэб програм, гар утасны програм мөн машины компьютерээс мэдээлэл авах боломжийг бүрэн хангаж өгсөн. "Хюнда", "Тояата", "Аксент", Приус", "Соната" гээд бүх төрлийн машинуудаас эргээд мэдээлэл авах, гар утсаараа хянах гээд өргөн хэрэглэгдэх бүх технологиуд, хард хосолсон том системтэй. "Ариг" банкны картаар үйлчилдэг, “Юнител”-ийн GG-г туршиж байгаа гэх мэт олон боломжийг хэрэглэгчид бий болгохыг зорьсон.
- Такси үйлчилгээнд явдаг хувь хүмүүс танай компани дээр ирээд энэ төхөөрөмжийг авах боломж бий юу?
- Боломжтой. Яг одоо бид хувь хүмүүст хандсан технологийн, бизнесийн судалгаагаа хийж байна. Аль болох удахгүй, энэ зундаа багтаад хувийн таксинд суурилуулахаар ажилдаа орчихсон. Ингэхээр хамгийн их маргаан дагуулдаг нийгмийн нэг асуудал шийдэгдэнэ гэсэн үг. Бид хувь хүнд хандсан ухаалаг таксины төхөөрөмжийн бизнесээ өөрсдөө эрхлээд, хөрөнгө оруулагч, хамтрагчаа хайж байгаа. Технологийн асуудал бүгд шийдэгдсэн учраас бизнес тал дээр л түншээ хайж байна даа.
Ирээдүйд дэлхийн тавцанд гаргахаар зорьж буй тэдний бүтээл энэ жижиг өрөөнд төрж байна.
Б.Энхзол ШУТИС-ийн Бизнесийн удирдлагын магистрын зэргийг анх удаа Монголд онлайнаар суралцаж хамгаалсан юм байна. Одоо бизнесийнхээ хажуугаар МУИС-ийн Мэдээлэл, компьютерийн ухааны тэнхимд багшилдаг.
- Гаднаас оруулж ирж эвлүүлснээ үндэсний үйлдвэрлэл гэж нэрийдсэн тохиолдол олон бий. Танай хэрхэн үйлдвэрлэлээ явуулж байна?
- Үйлдвэрлэл нарийвчилсан жижиглэнгийн электроникийн эд ангиас эхлээд эцсийн шатны бүтээгдэхүүн бий болгож байгаа.
- Үйлдвэрлэлийн үнэ өртгийн хувьд гаднаас оруулж ирснээс бага байж чаддаг уу?
- Мэдээж эх орондоо, монгол инженерүүд үйлдвэрлэж байгаа учраас зах зээлийн өртгөөс хамаагүй бага үнээр хэрэглэгчдэд очно. Хамгийн багадаа 30 хувиар хямд. Ижил чанарын бүтээгдэхүүн гадаадаас оруулж ирснээс бага өртгөөр хүрч байгаа нь л хамгийн гол зүйл. Жишээ нь бидний үйлдвэрлэсэн блютүүт хэвлэгч л гэхэд гадаадаас оруулж ирвэл зах зээлийн ханш нь 600.000-700.000 төгрөг болно. Харин энд бүтээсний үр дүнд хоёр дахин хямд хэрэглэгчдэд хүрч чадаж байгаа.
- Өөр ямар бүтээгдэхүүн хэрэглээнд гаргаад байна?
- Бид бас ухаалаг худгийн систем хийсэн байгаа. Гэр хорооллын худгуудад картаар үйлчлэх боломж нээсэн. Ямар ч ус түгээгч суух шаардлаггүй АТМ-ээс мөнгө авч байгаа юм шиг л усаа авна гэсэн үг. Яг л найман литр ус авна гэвэл түүнийгээ товчлуур дээр хийхэд л ямар нэг алдаагүй найман литр ус нь гарч ирэх юм.
- Энэ төхөөрөмжөө худгуудад суулгасан уу? Гэр хорооллын худгаас ус авахдаа иргэд маань багаггүй усыг асгаж цутгаад л алдагдалтай байдаг шүү дээ?
- 20 худаг дээр амжиллтай суурилуулсан байгаа. Мэдээж цааш нь тоог нь нэмэхээр ажиллаж байна. Бас газрын зураг дээр суурилсан GPS төхөөрөмж бүтээсэн. Энэ нь тухайн машиныг хаана явж байгаагаас эхлээд хурд гүйлт, түлшний зарцуулалт, км-ыг хүртэл самбараас хардаг төхөөрөмж. Ер нь бол ухаалаг л гэж нэрлээд байгаа.
- Хэрэглэгч зорьсон газраа хүрэхийн тулд хэдэн литр шатахуун зарцуулахаа хүртэл GPS- төрөөрөмжөөсөө мэдэх боломжтой гэж ойлгож борлох уу?
- Зөвхөн машинаасаа биш гар утаснаасаа ч харж болно. Эргээд хаана зогссон, ямар хурдтай явсан гээд л тайлан гаргаж өгөх боломжтой. Ингэснээрээ компаниудын түлшний хулгайг зогсоох бүрэн боломжтой.
- Онцгой Байдлын Ерөнхий Газартай хамтарч бас нэг төхөөрөмж туршиж байгаа гэсэн. Энэ тухайд?
- GPS төхөөрөмжинд суурилсан “ухаалаг гал унтраагч”. Одоогоор зургаан галын машинд суурилуулаад үйлчилгээгээ нэвтрүүлсэн байгаа. Онцгой Байдлын Ерөнхий Газар дээрээ төв нь байх бөгөөд галын голомтод ажиллаж байгаа аврагчдын дүрс зураг нь гарч ирнэ. Ингэснээр тэндээс эхэлж галаа унтраа гэх мэтчилэн зааварчилгаа өгөх, цаг хэмнэх олон давуу талуудтай. Мөн галын машин замдаа явж байхдаа л гал гарсан байгууллагын план зургийг хараад хаанаас эхэлж аврах ажиллагаа явуулах вэ гэдгээ тооцоолох боломжийг нээж өгсөн.
- Туршилт ямар байна? Танай төхөөрөмжийг суулгаснаараа үр дүнд хүрч байна уу?
- Амжилттай байгаа. Онцгой Байдлын Ерөнхий Газраас энэ тухай удирдлагууддаа дамжуулсан гэсэн. Одоо эдийн засгийн хямралтай байгаа учраас хүлээгдэж байгаа байх. Хамгийн гол нь бүтээгдэхүүнийхээ ажиллагаа, чанарыг шалгаад л байж байна даа.
- Мэдээллийн, технологийн үндэсний парк “Инкубатор" төсөлд хамрагдаад хэр удаж байгаа вэ?
- Биднийг оффисийн түрээс, сурталчилгаа, бизнесийн зөвлөгөө гэх мэтээр дэмжиж ажиллаж байгаа. Анх бид такси систем, GPS системийн хөгжүүлэлтийн шатандаа явж байх үедээ "Инкубатор" төсөлд хамрагдсан. Яг нэг жилийн хугацаанд хоёр, гурван бүтээгдэхүүн дээр ажиллаад зах зээлд бүтээгдэхүүнээ гаргаад эхэлчихсэн, үр дүнтэй ажиллаж байна. Одоо бол блүтүүт принтерийг Монголдоо үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна.
-Электрон технологи гэхээр эрэг боолтоо хүртэл урд хөршөөсөө оруулж ирдэг манайханд хол сонсогдоод байдаг. Ухаалаг гэж нэрлэгдээд байгаа орчин үеийн технологийг үйлдвэрлэж байгаа залуусаа бидэнд танилцуулаач. Ихэвчлэн Монголд сургууль төгссөн үү?
- Манай залуусын ихэнхи нь дотоодын их сургуулиудыг дүүргэсэн. Бүрэн бүрэлдэхүүнээрээ гэвэл 15 хийж бүтээх их хүслээр оргилсон залуучууд байна. Мэргэжил дээшлүүлэхийн хувьд Японд программ хангамжаар сурсан, Солонгос, Португаль, Англи, Германы Волксвагенд мэргэжлээрээ ажиллаж туршлагажсан залуучууд байна.
- Компанийхаа ирээдүйг юу гэж харж байна?
- Сайхан асуулт байна баярлалаа. Ирээдүйгээ бид технологид суурилж, инновациар тэргүүлсэн “Эм Си Эс”-ээс дутахгүй компани болно гэж харж байгаа. /инээв/. “Эм Си Эс” явцынхаа дунд олон салбарт хүчээ сорьсон байдаг. Харин манайх яг энэ чиглэлээрээ дагнаж хүрээгээ тэлэх зорилго тавьчихаад ажиллаж байна. Дотооддоо хүний нөөц, бүтэц бүрэлдэхүүнээ сайжруулчихаад Солонгос, Япон, АНУ-руу аутсорсинг хийгээд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гадагш гаргах тал дээр ажиллах бодлоготой байгаа. Анхнаасаа таксины систем гэх мэтчилэн зарим нэг технологийг англи хэлээр давхар хийж, туршиж ирсэн учраас Монголдоо сайн тестлээд гадагш гаргах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
Ярилцсанд баярлалаа.
Д.Янжмаа
Сэтгэгдэл ( 5 )
nzuud mundag bna shuu. ta nar shig chadvarlag hunii nootsoor bagaa burduulsen kompani mongold yor ni hovor shuu.
Маш сайн байна. Битгий шантраарай. Мөн сагсуурч онгирч болохгүй шүү. Уйггүй зүтгээд хөдөлмөрлөөд байгаарай миний хүүхдүүд. Маш сайн.
iim l zaluuchuud tord ajillax estoi, ter xurelsex tenegiin orond ene zaluu ajillabal mongold maani yamar ix xeregtei be,ter taban tolgoin gereeg bol dor ni uchiriig ni olno l doo
Mundag zaluu bna.bid uursduu l huuj buteej baij hugjine gedgiig bugd l meddeg bolobch tuuniig ni demjih tal deer tur zasag myy baidagt l gol aldaa bna daa.olon olon zalyysiin iim sanaliig demjeesei.Bid busad uls oronii hugjiliig gaihaj bahadaasaa iluu uursduu l hudulmurluj bj delhiin hugjil hurne.bidend hen ch tuslahgui.busad ulsad bas hen ch tuslaagui ted uursduu l tur zasag ni zub bodlogiin tubshind hugjsen gedgiig bugd l medej bgaa
Ямар мундаг залуус вэ амжилт хүсье амьдрал дээр далайцтай нэвтрүүлээрэй